Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр ирэх бямба гарагт буюу тавдугаар сарын 13-нд тохионо. Харин “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд санаачилсан “Ногоон хот-иргэний оролцоо” уриатай хаврын мод тарих арга хэмжээг энэ сарын 11-19-нд зохион байгуулахаар төлөвлөснийг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газраас мэдээллээ. Өчигдрийн байдлаар нийт 312 аж ахуйн нэгж, байгууллагынхан дээрх хугацаанд мод тарих хүсэлт ирүүлжээ. Тэдгээрийг Бумбатын булаг, “Хайрхан хөгжлийн төв”, “Ногоон хэрэм” төслийн талбай, “Шинэ Налайх”, “Баянгол” цэцэрлэгт хүрээлэн, “Инчоны мөрөөдлийн төгөл”, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны мод үржүүлгийн газар, Айцын ам гэсэн долоон байршилд мод тариулахаар төлөвлөжээ.
“Ногоон хэрэм” төслийн талбайд Ерөнхийлөгчийн Тамгын газар, ЗГХЭГ, ЦУОШГ, БОАЖЯ-ны харьяа Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв, Байгаль орчны судалгаа шинжилгээний төв, Ойн газрын алба хаагчид энэ сарын 13-нд мод тарих нь. Харин төрийн бусад байгууллагынхан болон хувь хүмүүс хуваарьт газартаа сонгосон өдөр, цагтаа мод тарих юм байна. Тэдэнд Ойн газрын мэргэжилтнүүд заавар, зөвлөгөө өгөх аж.