Маршал Г.Жуковын хөшөөний өмнө уржигдар болсон жагсаал монголчуудыг нийгмийн сүлжээнд талцуулав. Үүнийг зохион байгуулахад Батлан хамгаалах яам дэмжлэг үзүүлсэн гэх мэдээлэлтэй холбогдуулж сайд Г.Сайханбаяр тайлбар хийж, үгүйсгэлээ.
Тэрбээр “Олон нийтийн байгууллагын төлөөлөл энэ сарын 4-нд БХЯ-нд хандаж, амь үрэгдсэн дайчдын дурсгалыг хүндэтгэх жагсаал зохион байгуулахад дэмжлэг үзүүлэн, хөгжим, хүн хүч “гаргаж” өгөхийг хүссэн. Дэлхий нийт, бүс нутгийн цэрэг, улс төрийн байдал амаргүй энэ үед тэдэнтэй хамтарч арга хэмжээ зохион байгуулах нь зохисгүй гэж бид үзсэн.
Зэвсэгт хүчний үлгэр жишээ үлээвэр найрал хөгжимчид, бусад анги, салбарын алба хаагчдын болон төрийн байгууллагынхан оролцоогүй. Харин тавдугаар сарын 7-нд олон нийтийн сайн дурын байгууллага энэ жагсаалыг зохион байгуулсан. Нөгөө талаас аливаа асуудлыг туйлшруулах, талцал, хуваагдал бий болгох нь маш эмзэг тул иргэд болгоомжтой, мэдрэмжтэй хандаасай гэж хүсэж байна. БХЯ- ны зүгээс Ялалтын баяртай холбоотой арга хэмжээнүүдэд дипломат харилцааны бодлогоо баримталж хандана. Уламжлал ёсоор цэцэг өргөх ажиллагаа зохион байгуулж, хүндэтгэл үзүүлнэ. Энэ баярыг дэлхийн олон улс орон тэмдэглэж байгаа” гэв.
Бэлтгэсэн: Б.Уран