Ховд аймагт их хэмжээний цас орсны улмаас уулархаг бүс нутгуудаар хаваржилт хүндэрч, малчдад өвс, тэжээл хүргэхээр явсан Дуут сумын дөрвөн иргэн сураггүй болсон талаар өмнөх дугаарт мэдээлсэн билээ. Тэгвэл тус аймгийн Онцгой байдлын газрын аврагчид дуудлага хүлээн авснаас 10 гаруй цагийн дараа буюу уржигдрын 19.15 цагт төөрсөн иргэдийг Цагаан устын эх хэмээх газраас эсэн мэнд олж, анхан шатны тусламж үзүүлэн, сумын Эрүүл мэндийн төвд хүлээлгэн өгчээ. Өчигдөр 12.00 цагийн байдлаар Манхан сумд мөн таван иргэнийг эрэн хайх ажил үргэлжилж байгааг орон нутгийн байгууллагуудаас мэдээлэв. Тэдний нэг нь сураг тасраад хоёр хоносон аж.
Цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор Ховд аймгийн ЗДТГ-аас байгуулсан шуурхай бүлгийнхэн Дуут сумын Шивэр багт цасанд боогдсон 45 малчин өрхөд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ, өвс, тэжээлийн дэмжлэг үзүүлэхээр ажиллаж эхэлжээ. Үүнээс гадна хаваржилт хүндэрсэн Манхан, Мөст, Мөнххайрхан, Цэцэг, Ховд сумын малчдад улсын нөөцөөс өвс, тэжээл хуваарилан хүргэх ажил зохион байгуулахаар шийдвэрлэснийг дурдав. Нийт нутгаар бэлчээрийн ургамлын гарц тааруу байгаа учир ойрын хугацаанд 400 тонн хүртэлх хэмжээний хорголжин болон хивгэн тэжээлийн нөөц бүрдүүлж, малчдад хөнгөлөлттэй үнээр олгохоор төлөвлөсөн байна. Өнгөрсөн өвөл болон энэ хавар тус аймгийн хэмжээнд 63 000 орчим мал хорогджээ. Одоогоор мал төллөлт 40 орчим хувьтай байгаа аж. Иймд нийт малын 50-60 хувийг зургаан сар хүртэл тэжээхээр тооцоолж, дээрх хэмжээгээр нөөц бүрдүүлэхээр болсон гэнэ.