Нийслэлийн Замын хөгжлийн газрын ахлах мэргэжилтэн Р.Амарсанаагаас Улаанбаатар хот дахь авто зогсоолуудын төлбөр болон үйл ажиллагааны талаар тодрууллаа.
-Нийслэл дэх авто зогсоолууд харилцан адилгүй төлбөр иргэдээс авдаг гэх гомдол байна. Төлбөрийг хэн, хэрхэн тогтоодог вэ?
-Нийслэлийн ИТХ-ын 2009 оны арванхоёрдугаар сарын 23-ны 4/27, 2011 оны долдугаар сард баталсан 7/66 дугаар тогтоолоор авто зогсоолын төлбөрийн хэмжээг баталсан. Одоо энэ тарифыг хэвээр мөрдөж байгаа. Үүнд эхний 30 минут 500, нэг цаг нь 1000, 90 минут нь 1500, хоёр цаг нь 2000 төгрөгийн төлбөртэй байхаар тогтоосон. Зөвшөөрөгдсөн цагаас дээш буюу хоёр цагаас хэтрүүлсэн тохиолдолд 3000 төгрөгийн торгуультай байхаар журамд тусгасан. Гудамжны гадна байрлах, задгай, дотор зогсоол гэх мэт төрлөөс нь хамаарч төлбөр нь бага зэргийн ялгаатай. Нийслэлээс энэ журмыг шинэчлэхээр судалж байгаа. Авто зогсоолын журмыг нийслэлийн ЗДТГ, үнэтарифыг нь ИТХ-аас тогтоодог. Үнэд нь өөрчлөлт оруулахгүй болов уу.
-Нийслэлийн хэмжээнд төлбөртэй хэдэн зогсоол байдаг юм бол?
-Одоогоор нийслэлийн зургаан дүүргийн 74 байршилд иргэн, аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулсны үндсэн дээр төлбөртэй зогсоол ажиллуулж байгаа. Эдгээр байршилд манайхаас сүүлийн үеийн тоног төхөөрөмж бүхий хаалт, чип байрлуулсан. Цаашид нэгдсэн удирдлагын төлбөрийн системийг нэвтрүүлэхийг зорьж байна.
-Зогсоолын төлбөрийг хаана төвлөрүүлдэг вэ?
-Дээрх хоёр тогтоолын дагуу нийт хураамжийн 60 хувь нь нийслэлийн Замын санд ордог. Тухайлбал, энэ жил хоёр тэрбум төгрөг төвлөрөх тооцоо бий. Нийслэлийн нутаг дэвсгэр дэх автозогсоолуудад ил тариф мөрдөх ёстой. Дураараа төлбөр нэмж байгаа аж ахуйн нэгж, хувь хүмүүст хариуцлага тооцохоор ажиллаж байна.
-Зарим байгууллага нийтийн эзэмшлийн зогсоолыг хашиж гинжлээд, авто зогсоол болгосон байдаг. Энэ нь журамд нийцэх үү?
-Хувийн хэвшлийн зарим аж ахуйн нэгж манайхаас зөвшөөрлөө авч, зогсоол бий болгосон байгаа. Тухайлбал, “Ханбүргэдэй” худалдааны төвийг дурдаж болно. Зарим байгууллага тогтоосон үнэ тарифын дагуу нийслэлийн Замын санд мөнгө төлөөд, зогсоолтой болъё гэдэг хүсэлт тавьдаг. Харин төрийн байгууллагын хувьд албан хаагчдынхаа бус, үйлчлүүлэгч иргэдийн машиныг зогсоолдоо заавал байрлуулах журамтай. Иргэдэд зогсоолыг нээлттэй, хүртээмжтэй болгох ийм зохицуулалт мөрдүүлж эхэлсэн.
-УДЭТ-ын театрын дэргэдэх зогсоолыг татан буулгана гэсэн үнэн үү?
-Энэнь манайхтай гэрээтэй 74 зогсоолын нэг. Одоогоор гэрээг нь цуцалж, талбайг нь чөлөөлөөгүй. Албан ёсны шийдвэр бичгээр ирээгүй байна.