Ховд аймгийн нийт нутгаар сүүлийн өдрүүдэд их хэмжээний хур тунадас орсны улмаас Дуут, Мөст, Мөнххайрхан, Цэцэг зэрэг уулархаг бүсийн зарим сумд хаваржилт хүндэрч, зам, даваа хаагдан, олон тооны мал цасанд боогдон, иргэд төөрчээ. Тухайлбал, Дуут сумд энэ сарын 4-нөөс эхлэн хур тунадас орсноос уулархаг хэсгээрээ 60-120 см зузаан цастай болж, мал бэлчээрлэх, иргэд зорчих боломжгүйд хүрчээ. Тус аймгийн ЗДТГ-аас өчигдөр 12.00 цагийн үед “Дуут сумд нөхцөл байдал хамгийн хүнд байна. Замд гарсан дөрвөн хүн цасанд боогдож, холбоогүй болсон. Иргэд сумын төвөөсөө 4-5 км яваад л цасанд боогдож, буцаж байна. Тиймээс туулах чадвар сайтай автомашинаар зам, давааны цасыг цэвэрлэх, иргэд, малчдад эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ, өвс тэжээлийн дэмжлэг үзүүлэхээр Онцгой байдлын газраас шуурхай бүлэг ажиллуулж эхэллээ” гэж мэдээлсэн юм.
Дээр дурдсан дөрвөн иргэний хувьд сумын төвөөс малчдад өвс, тэжээл хүргээд буцах замдаа цасанд боогдож, төөрчээ. Тэд хамгийн сүүлд өчигдөр 10.00 цагийн үед нэгийнх нь бие тааруу байгааг утсаар дуулгаад, холбоо тасарсан аж. Үүний дараа аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид алга болсон иргэдийг хайхаар тус сум руу хөдөлжээ. Шуурхай бүлгийнхнээс эрлийн явцыг 17.00 цагийн үед тодруулахад “Эрлийн баг сумын төвд хүрч, тухайн иргэдийн байгаа газар луу хөдөлсөн. Зам хэцүү байгаа учраас зорьсон газартаа хэдийд очихыг мэдэхгүй. Шаардлагатай бүх арга хэмжээг авч байна” гэв. Цасанд боогдож малаа бэлчээрлүүлэх аргагүйд хүрсэн, өвс, тэжээлийн нөөцгүй болсон малчид тусламж хүссэн дуудлага, мэдээллийг шуурхайн бүлгийнхэнд ирүүлсээр буй аж. Цаг агаарын гамшигт үзэгдлээс улбаатай хохирлын хэмжээг тогтоогоогүй байгааг Онцгой байдлын газрын дэд дарга, хурандаа Г.Нэргүй дурдав.
Энэ сард Монгол орны нийт нутгаар сэрүүвтэр, салхи шуурга ихтэй, хур тунадас элбэг орох төлөвтэй тул малчид, тээвэрчид, орон нутгийн замд гарахаар төлөвлөж буй иргэдийг цаг агаарын мэдээллийг тухай бүрт авч, болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг холбогдох байгууллагууд анхааруулсаар байна.