Монголын бурхны шашны түүх соёлд хамаарах Чойжин ламын сүм музейн талаар олон нийтийн сүлжээнд багагүй шүүмжлэл өрнөлөө. Тодруулбал, тус музейн хашаан дахь зүлгийг устгаж, шинэ барилга барих гэж байгаа талаарх мэдээлэл гарсан юм. “Соёлын яам нь байгуулагдсан цагаасаа уг музейн эх төрх, бүрэн бүтэн байдлыг хамгаалах, сэргээн засварлах ажлыг хийж байна. Тухайлбал, эргэн тойрных нь авто зогсоолыг чөлөөлж, улсын төсөв болон АНУ-ын Элчин сайдын нэрэмжит Соёлын өвийг хамгаалах сангийн санхүүжилтээр сэргээн засварлаж буй. Олон нийтийн сүлжээнд тархсан зураг нь сэргээн засварлалын ажилтай холбоогүй. Харин музейн газрын түвшнээс доорх сан хөмрөг, лабораторийн төслийн орой хэсгийн зураг юм. Энэ төсөл нь танилцуулах шатандаа байгаа, улсын төсөвт тусгаагүй” хэмээн дээрх асуудалтай холбоотойгоор Соёлын яамнаас мэдэгджээ.
Гэсэн ч олон нийтийн зүгээс хэн ч уг музейд халдах ёсгүй гэсэн байр сууриа илэрхийлсээр байна. Чойжин ламын сүм музей ямар үнэ цэнтэй байгууламж болох талаар Улаанбаатар хотын музейн эрдэм шинжилгээний ажилтан Г.Очбаяраас лавлахад “Наймдугаар богд Жавзандамбын төрсөн дүү Лувсанхайдавт зориулж Их хүрээний нэрт уран барилгач Омбо тэргүүтэй 300 гаруй эрдэм билигт урчууд уг сүмийн барилгын цогцолборыг 1904-1908 онд бүтээсэн юм. Гайхамшигтай архитектуртай, монгол хүний бүтээсэн үндэсний өв. Нийслэлд хадгалж үлдсэн долоон сүм хийдийн нэг нь. Олон нийт шүүмжлэнгүүтСоёлын сайд нь түүх соёлын дурсгалт газруудаа сэргээн засварлаж, хамгаалж байгаа гэх мэдээлэл тараагаад эхэллээ. Өнгөрсөн долоо хоногт цахим сүлжээнд тархсан зураг төсөл нь судлагдах шатандаа яваа, эцсийн шийдвэр гараагүй гэж мэдэгдсэн нь ч худал. Хотын захиргаанд зураг төслөө танилцуулна гэдэг нь барилга барихаар шийдсэн л гэсэн үг. Азаар хотын захиргааныхан барилгын зургийг хүлээж авсангүй. Энэ мэтчилэн Соёлын яамныхан маш бүдүүлэг хандлагатай. Зураг төслийн уралдаан зарлаж мэддэггүй. Гэнэт л нэг компаниар хийлгэсэн зураг төсөл танилцуулдаг. Бодит байдалд музейн сэргээн засварлах ажлыг оюутнууд хийж байсан гээд бод доо. 2022 онд Соёлын өвийн тооллого хийж байх үед мэдсэн юм. Монголд мэргэжлийн сэргээн засварлагчид байхад яагаад түүх дурсгалын эхний аравт ордог барилгыг оюутнууд засварлах ёстой вэ. Соёлын өв туршилтын туулай юу. Музейн нөхцөл байдал үнэхээр хүнд байгаа. Сан хөмрөгийн хадгалалт, хамгаалалтаас үүдэн нэгдсэн халаалтгүй байдаг. Ажилтнууд нь жилийн дөрвөн улиралд даарч хөрөхөөс эхлээд тав тухгүй нь үнэн. Гэвч орон зайд нь халдаж барилга барих шаардлагагүй. Соёлын өвийг хамгаалах, орон зайг нь хадгалж үлдэхийн тулд хажууд нь барилга барихыг хязгаарлах ёстой” гэлээ.