Улаанбаатарын тулгамдсан асуудлын нэг нь замын түгжрэл. Засгийн газраас энэ асуудлыг шийдвэрлэх зорилгоор Түгжрэлийг бууруулах үндэсний хороо байгуулсан. Тус хорооноос түгжрэлийг бууруулах ажлуудыг үе шаттайгаар хэрэгжүүлэхээ илэрхийлээд буй билээ. Тухайлбал, нийтийн тээвэр дэх тулгамдсан асуудлыг шийдэж, авто зам, замын байгууламжуудыг өргөтгөхөөр төлөвлөсөн байна. Тэдгээр ажлын нэг нь 2023-2024 онд дөрвөн байршилд нүхэн гарц барих аж. Нүхэн гарцууд барих талаар жилийн өмнөөс л ярьж эхэлсэн бөгөөд өдий хүртэл ямар нэгэн бүтээн байгуулалт эхлээгүй. Тэгвэл уг ажил хэзээнээс эхэлж, хэдийд ашиглалтад оруулах талаар албаныхнаас тодрууллаа.
БАРИЛГЫН АЖЛЫГ ИРЭХ САРААС ЭХЛҮҮЛЭХ НЬ
“Гермес” төвөөс урагш байрладаг төмөр замын зоорь, Геологийн төв лабораторийн уулзвар, Орбитын замаас 22-ын товчоо хүртэлх хэсэг, “Нарантуул”-ын урд уулзвар гэсэн дөрвөн газарт нүхэн гарц барихаар төлөвлөсөн билээ. Одоогоор гарцуудын зураг төслийг боловсруулж буй юм байна. Энэ оны эхний хагаст буюу зургадугаар сард зураг төслийг дуусгаж, бүтээн байгуулалтыг нь эхлүүлэх боломж бүрдэх гэнэ. Дээр дурдсан дөрвөн байршил нь нийслэлийн хамгийн их түгжрэлтэй бүсэд хамаардаг аж. Тиймээс нүхэн гарц барьснаар Улаанбаатар хотын замын түгжрэл тодорхой хувиар буурах судалгааг албаныхан гаргажээ.
Түгжрэлийн асуудал хариуцсан сайд Ж.Cүхбаатаруг ажлын талаар “БНХАУ-аас манай Засгийн газарт олгосон нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд уг ажлыг хийнэ. Гүйцэтгэгчийг сонгон шалгаруулсан. Барилга угсралтын ажлыг ирэх зургадугаар сараас эхлүүлэхээр төлөвлөсөн” гэж мэдээлсэн юм. Өмнөньтөмөр замын гарамтай хэсгүүдийн уулзвараар нэг цагт 4700 тээврийн хэрэгсэл нэвтэрдэг байж. Тэгвэл нүхэн гарц барьсны дараа тээврийн хэрэгслийн тоо 6800 болж, хөдөлгөөний эрчим 45 хувиар сайжирна гэсэн тооцоог холбогдох албаныхан гаргасан гэнэ. Түүнчлэн жолоочийн уулзвараарнэвтрэх хугацаа 130 секунд байсан бол 33 болж, дөрөв дахин багасах аж. Үүнийг мөнгөн дүнгээр илэрхийлбэл жилд жолооч бүр 376 060 төгрөг хэмнэх урьдчилсан тооцоог гаргажээ.
Шинээр барихаар төлөвлөж буй нүхэн гарцууд дөрвөн эгнээтэй, 4.5 метрийн өндөр байх аж. Тэдгээрээс зөвхөн “Гермес”-ийн урд талын нүхэн гарц 3.5 метрийн өндөр байх гэнэ. Нийслэлд өмнө нь барьсан нүхэн гарцууд бүгд суудлын тэргэнд зориулсан, хоёр эгнээ холбоос замуудад хийсэн байдаг. Тэгвэл дээр дурдсан дөрвөн байршлын гарц нь том оврын тээврийн хэрэгсэл нэвтрэх боломжтойгоороо онцлогтой юм байна.
Ч.БАТЗОРИГ: ТҮГЖРЭЛИЙГ 20 ХУВИАР БУУРУУЛАХ БОЛОМЖТОЙ
“Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгж” УТҮГ-ын захирал Ч.Батзоригоос ажлын явцыг тодрууллаа.
-Нүхэн гарцууд барих талаар өмнө нь нэлээд ярьж байсан ч ажил эхлээгүй өдий хүрсэн. Энэ нь санхүүжилтгүй байсантай холбоотой юу?
-БНХАУ-аас Монгол Улсад нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийг 2015 онд өгсөн. Уг зээлийн хүрээнд хэрэгжүүлэх төслүүдийн нэг нь Улаанбаатар хотод төмөр зам доогуур авто замын нүхэн гарц барих төсөл байв. Анх 2016 онд зургаан байршилд хийнэ гэж ярьж байлаа. Түүнээс хойших хугацааны явцад нөхцөл байдал өөрчлөгдөж, байршлыг нь дөрөв болгож бууруулсан. Гэхдээ өмнө нь нийслэлээс өөрийн хөрөнгөөр Баянзүрх дүүрэг болон Сонгинохайрханы Тахилт гэсэн хоёр байршилд нүхэн гарц барьсан. Ажлын албан ёсны гэрээг өнгөрсөн оны арваннэгдүгээр сард байгуулсан. Ингэснээр энэ жилээс эхлэх боломж бүрдлээ.
-Ажлын явц ямар шатанд явна вэ?
-Энэ жил болон дараа онд тус бүр хоёр байршлын гарцыг барьж, ашиглалтад бүрэн оруулахаар төлөвлөсөн. Гэрээ ёсоор бол төслийг 2024 оны арваннэгдүгээр сард бүрэн хэрэгжүүлж дуусгах ёстой. Эхний ээлжид Таван шар болон “Гермес”-ийн урд талын нүхэн гарцын ажлыг гүйцэтгэнэ.
-Энэ ажлыг ямар компаниуд хийх вэ?
-Төслийг хэрэгжүүлэх ажлыг манайх хариуцаж байгаа. Тендерт “Чайна ТиСиЖу сивил инженеринг” ХХК, “Чайна рэйлвэй интернэшнл” групп, БНХАУ-ын “Машин механизм аж үйлдвэрийн корпорац” консорциум гэсэн гурван компани шалгарсан. Барилга угсралтын ажлыг хийх монгол компанийг одоогоор шалгаруулаагүй. Зураг төслийн ажил дуусахаар тодорхой болно. Гэрээ ёсоор бол үндсэн гүйцэтгэгч Хятадын компаниуд ажлын 60 хувийг хэрэгжүүлнэ. Монголын талын оролцоо 40 хүртэл хувь байх юм. Зураг төслийн туслан гүйцэтгэгчээр дотоодын “Эмписи” ХХК шалгаран ажиллаж байгаа. Мөн манай талаас газар чөлөөлөхажлыг 75 нэгж талбартхийнэ. Газар чөлөөлөхөд ойролцоогоор 31 тэрбум төгрөг шаардлагатай.
-Өмнөх нүхэн гарцтай харьцуулахад хүчин чадлын хувьд ямар давуу талтай байх вэ?
-Түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд ойрын үед нэн яаралтай хэрэгжүүлэх жагсаалтад оруулсан чухал ач холбогдолтой төсөл. Өмнө нь манайд барьсан нүхэн гарцуудаас хүчин чадлын хувьд нэлээд том. Жишээ нь, зорчих тээврийн хэрэгсэл гурав дахин илүү байна. Түүнчлэн ойролцоох замуудтай нь хамт иж бүрнээр нь барихаараа онцлогтой. Мөн дээр нь байрлах төмөр замын байгууламжид ямар нэгэн сэтэлгээ хийхгүй, өөрчлөлт оруулахгүйгээр Хятадын шинэ технологиор сүвлэж хийнэ. Үүнээс гадна ус зайлуулах байгууламжтай, явган хүний болон унадаг дугуйн замтай, нийтийн тээврийн автобус зорчих боломжтой гэх мэтээр иж бүрнээр нь төлөвлөсөн. Энэ төслийг хэрэгжүүлснээр 68 уулзварын нэвтрэх чадвар сайжирна. Түүнчлэн нийслэлийн замын түгжрэл 20 хувиар буурах боломжтой.
-Дөрвөн гарцыг хэдий хэмжээний хөрөнгөөр барих бол?
-Өмнө нь Олимпын гүүрийг 40 сая ам.доллароор барьж байсан. Тэгвэл эдгээр нүхэн гарцыг 30 сая ам.доллароор дөрвөн байршилд барина. Бүрэн ашиглалтад оруулснаар Баянзүрх дүүргээс Сонгинохайрхан дүүрэг хүртэл зургаан том нүхэн гарц бий болох юм.