Нийслэлийн ИТХ-ын ээлжит XVIII хуралдаанаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар нийслэлийн хэмжээнд хэрэгжүүлж буй арга хэмжээ, ажлын явцын талаар мэдээлэл өглөө.
УЛААНБААТАР ХОТЫН ХӨГЖЛИЙН ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨГ БОЛОВСРУУЛАВ
2040 он гэхэд Улаанбаатарыг амьдралын таатай орчин бүрдсэн хот болгон хөгжүүлэх алсын харааг дэвшүүлэн, 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулан, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхэд бэлэн болоод байна. Үүний хүрээнд дараах ажлуудыг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
- Улаанбаатарыг нэг төвт хотоос олон төвт хотын тогтолцоонд шилжүүлэх ажлын хүрээнд шинээр Амгалан, Шинэ төв, Сонсголон гэсэн гурван дэд төв, Нисэх, Тахилт, Дарь-Эх, Монел, Бичил, “Ургах наран”, Хайлааст гэсэн олон нийтийн долоон төвийн техник, эдийн засгийн үндэслэл, барилгажилтын төслийг боловсрууллаа.
- Аргалант-Эмээлт, Буянт-Ухаа, Налуу-Ухаа дагуул хот байгуулахаар нэр, эдэлбэр газрын байршлыг тодорхойлоод байна.
- Баянхошуу, Сэлбэ дэд төв, Дамбадаржаа, Дэнжийн мянга, Шархад, Толгойт олон нийтийн төвийн бүтээн байгуулалтын ажлыг үргэлжлүүлж байна.
ГЭР ХОРООЛЛЫН ДАХИН ТӨЛӨВЛӨЛТИЙН ХҮРЭЭНД 16 671 АЙЛЫН ОРОН СУУЦ АШИГЛАЛТАД ОРУУЛЛАА
Иргэдийн амьдрах, ажиллах ая тухтай орчныг бүрдүүлэх хүрээнд Улаанбаатар хотод цөөнгүй ажил хийгээд байна. Тухайлбал, ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцын барилгыг буулган, шинээр барих төслийн хүрээнд нийт 3133 айлын 25 орон сууц ашиглалтад оруулаад буй. Мөн гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд нийт 18 байршил, 51 хэсэгчилсэн талбайд 16 671 айлын орон сууц ашиглалтад орууллаа. Чингэлтэй, Сүхбаатар, Налайх дүүрэгт инженерийн төвлөрсөн шугам сүлжээнд холбох боломжгүй дундын бүсийн гэр хороололд хэсэгчилсэн инженерийн хангамжийг нэвтрүүлэхээр гурван байршилд “Дэд бүтцийн төв” төсөл хэрэгжүүлж байна.
Хотын оршин суугчдын ая тухтай, аюулгүй орчинд амьдрах нөхцөл бүрдүүлэх зорилгоор 144 байршилд нийтийн зориулалттай орон сууцын фасад дулаалгын ажил хийж, 47 цахилгаан шатыг шинэчиллээ. Түүнчлэн газрын зөрчил арилгах арга хэмжээний хүрээнд нийт 187 байршилд 81 396 ам метр талбай бүхий 4522 гарааш чөлөөлснөөс 71 384 ам метр газрыг нь тохижуулав. Нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбай болон замын хөдөлгөөний хяналтын камер, гэрлэн дохио, тэмдэг тэмдэглэгээ хааж, авто болон явган хүний замын хөдөлгөөнд саад учруулахуйц, хуучирч муудсан, өнгө үзэмжгүй, зөвшөөрөлгүй байрлуулсан 363 самбарыг буулгав. Мөн 3610 айлын цахилгаан хангамжийг сайжруулж байна.
Сэлбэ дэд төвийн 28 МВт-ын хүчин чадал бүхий дулааны станц, гадна инженерийн шугам сүлжээний угсралтын ажил бүрэн дууссан. Мөн есөн байршилд 10.1 км урт үерийн хамгаалалтын далан, сувгийг шинээр барьж, гурван байршлын 1.1 км урт үерийн хамгаалалтын далан, сувгийн засвар, шинэчлэлийг гүйцэтгэсэн.
БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад олгох хөнгөлөлттэй зээлээр Улаанбаатар хотын шинэ цэвэрлэх байгууламжийг барих төслийн барилга угсралтын ажил 65 хувьтай үргэлжилж буй.
“Улаанбаатар хотын ус хангамжийг нэмэгдүүлэх төсөл”-ийн хүрээнд ус дахин боловсруулах үйлдвэрийн барилга угсралтын ажил, ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн барилга угсралтын ажил, ус түгээх 182 байрыг автоматжуулах ажил хийж байна.
НЭГ ХҮНД НОГДОХ НОГООН БАЙГУУЛАМЖИЙН ХЭМЖЭЭ 5.7 АМ МЕТР БОЛЖ НЭМЭГДЭВ
Нийслэлийн ногоон байгууламжийг сайжруулах, хотыг цэцэрлэгжүүлэх, ойжуулах, тохижилт бүхий гудамж, талбайг байгуулснаар нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээ 2023 оны нэгдүгээр улирлын байдлаар 5.7 ам метр болж нэмэгдсэн байна. Үүний хүрээнд “Үндэсний соёл амралтын хүрээлэн” ХХК-ийн эзэмшилд байсан 10.2 га газрыг ЗДТГ-т шилжүүлэн, зөвхөн цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламжийн зориулалтаар ашиглах нөхцөлийг бүрдүүлсэн шийдвэр гаргалаа. Мөн Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр, Зүүн дөрвөн замын автобусны буудлын урд талд байрлах “East” төвийн орчмыг цэцэрлэгт хүрээлэн болгох санал гаргав.
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Хар усан тохойд байрлах 32 га талбайн мод үржүүлгийн үйл ажиллагааг төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд мэргэжлийн 15 аж ахуйн нэгж, байгууллагатай гэрээ байгуулан гүйцэтгэж байна. Мөн нийслэлд нэг цэцэрлэгт хүрээлэн ашиглалтад оруулж, Туул голын болон үерийн далан дагуух гурван байршил, эрүүл мэндийн таван байгууллагын гадна талбайд томоохон тохижилтын ажлыг гүйцэтгэлээ.
Сэлбэ, Бага Баян голын болон үерийн усыг хуримтлуулан, экосистемд таатай нөлөө үзүүлэх цэнгэг устай, 30 000 шоо метрээс багагүй эзлэхүүнтэй, урсац тохируулгын усан сан байгуулах ажлыг төр, хувийн хэвшлийн оролцоотойгоор хэрэгжүүлж буй. Түүнчлэн хог хаягдлын ухаалаг менежмент бий болгох хүрээнд Цагаан давааны төвлөрсөн хогийн цэгт хоногт 300 тонн хог ангилан ялгах үйлдвэр байгуулж, ашиглалтад оруулсан. Аюултай хог хаягдлыг түр хадгалах жишиг агуулах, Нарангийн энгэрийн төвлөрсөн хогийн цэгт 10 тонн хог хаягдал ангилан ялгах хүчин чадал бүхий үйлдвэрийн барилга угсралтын ажлыг өдгөө гүйцэтгэж байна.
АВТОБУСНЫ 54 БУУДЛЫГ ХЯНАЛТЫН КАМЕРТ ХОЛБОЛОО
Улаанбаатар хотын иргэдийг аюулгүй, тайван амьдруулах, байгалийн үзэгдэл, ослоос хамгаалах, урьдчилан сэргийлэхэд анхаарал хандуулж байна. Үүний хүрээнд халаасны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, иргэд, жуулчдын аюулгүй байдлыг хангах зорилгоор автобусны 54 буудлыг хяналтын камерт холболоо. Цагдаагийн байгууллагын үйлчилгээний хүртээмжийг сайжруулснаар шөнийн цагаар үйлдэгдсэн гэмт хэрэг 14.4 хувиар буурч, зөрчлийн илрүүлэлт 52.1 хувиар өссөн нь иргэдийн амар тайван амьдрах, орчин нөхцөл бүрдэхэд нөлөөлсөн байна.
Гамшигтай тэмцэх, онцгой байдлын байгууллагын чадавхыг бэхжүүлэх хүрээнд Чингэлтэй дүүргийн гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн барилгыг ашиглалтад оруулав. Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн барилгыг өдгөө барьж буй бөгөөд 32 автомашинаар парк шинэчлэлт хийснээр тусгай зориулалтын автомашины хангамж 64-өөс 87, багаж хэрэгслийн хангалт 44.5-аас 62 хувь болж өссөн. Үүний үр дүнд гал түймэр унтраах, аврах ангиуд 4432 хүнийг аварч, 242.9 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг хамгаалсан бөгөөд 2023 оны эхний улиралд гарсан нийт дуудлагын тоог өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 21.5 хувиар буурсан дүнтэй байна.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар “Нийслэлд тулгарч байгаа асуудлыг шийдэхэд Монгол Улсын Засгийн газар, холбогдох яам, иргэдийн төлөөлөгчид, хувийн хэвшил бүгд хамтран ажиллаж буй нь үр дүнгээ өгч байгааг эдгээр мэдээллээс харж болно. Хотын бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлуудыг үргэлжлүүлэх, асуудлаа хамтдаа шийдэхэд бүгдийн оролцоо чухал байх болно” хэмээлээ.