Засгийн газраас авлигатай тэмцэх чиглэлээр санаачилсан “5Ш” хөтөлбөрийн “Шил” ажиллагаа нь иргэн нь төрөө шууд хянаж, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийг хэрэгжүүлэх зорилготой. Уг ажиллагааг олон нийтэд таниулах, төрийн албан хаагчдад цахим шилжилтийн талаар мэдээлэл өгөх үүднээс Цахим хөгжил, харилцаа холбооны яам (ЦХХХЯ), нийслэлийн ЗДТГ-аас хамтран зохион байгуулж буй “Шилэн төр, цахим шилжилтэд таны оролцоо” сэдэвт цуврал уулзалт Налайх дүүрэгт боллоо. Уулзалтад ЦХХХ-ны сайд Н.Учрал, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар, Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар тэргүүтэй холбогдох албаныхан оролцов. Уг уулзалтаар ЦХХХ-ны сайд Н.Учрал “Шил” ажиллагааны хүрээнд хэрэгжүүлж буй ажил, түүний үр дүн, “Шинэ сэргэлтийн бодлого”, тэр дундаа Төрийн бүтээмжийн сэргэлтийн талаар Налайх дүүргийн төрийн албан хаагчдад танилцуулсан юм.
Тэрбээр “Нийслэлийн удирдлагуудтай хамтран нэг цэгийн үйлчилгээг операторын горимд шилжүүлэх ажлыг амжилттай зохион байгуулж байгаа. Одоогоор Улаанбаатар хотод төрийн үйлчилгээний 18 “ХурДан” цэг байгуулаад байна.
Цаашид нийт 61 цэг байгуулахаар төлөвлөсөн. Төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулж, иргэдийн тоон гарын үсгийн хэрэглээг нэмэгдүүлснээр түгжрэл, төвлөрлийг бууруулахад тодорхой хэмжээгээр нөлөөлнө гэж үзэж байна. Төрийн үйлчилгээг гар утас, нэг цэгийн үйлчилгээний төв, оператор, ТҮЦ, киоск машин зэрэг бүх төрлөөр авах боломж бүрдүүлнэ” гэв.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар нийслэлийн хэмжээнд хэрэгжүүлж буй цахим шилжилтийн бодлогыг уг уулзалтын үеэр танилцуулав.
Тэрбээр “Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнийг Налайх дүүргээс удирдан зохион байгууллаа. Үүний хүрээнд Налайх дүүрэгт тулгамдаж буй хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлуудыг эрчимжүүлэх, үүсээд буй асуудлуудыг яаралтай шийдвэрлэх, төсвийг нягтлахыг холбогдох албаныханд даалгасан. Мөн Засгийн газраас “5Ш” хөтөлбөр буюу авлига, хүнд сурталтай тэмцэх ажилд онцгойлон анхаарч байна. Нийслэлийн зүгээс ч цахим шилжилтийг эрчимтэй хийж, технологийн тусламжтайгаар авлига, хүнд суртлаас ангижирч, төрийн үйлчилгээний бүтээмжийг сайжруулахаар зорьж байгаа. Төрд сэтгэл дэвсэн, сайн ажиллаж буй чадварлаг залуу олон бий. “5Ш” хөтөлбөрийн үр дүнд төрийн албан хаагчдын унасан нэр хүнд сэргэнэ гэж үздэг. “Шил” ажиллагаа нь санхүү, цаг хугацааны хэмнэлтийг бий болгох давуу талтай” хэмээж байлаа. Түүнчлэн хөдөөгийн сэргэлтийг хийж байж хотын сэргэлтийг эрчимжүүлэх бөгөөд үүний тулд орон нутгийн албан хаагчдын цалинг нэмж, амьдрах нөхцөлийг сайжруулах ёстойг онцлов.
Төрийн бүтээмжийн сэргэлтийн хүрээнд төрөөс үзүүлэх үйлчилгээг цахимжуулж, төрийн хүнд суртлыг бууруулах, төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн үр ашиг, засаглалыг сайжруулж, олон нийтийн шууд хяналтад оруулна гэхчлэн тусгасан байдаг. Үүнийг төрийн албан хаагчдад таниулах, “Шил” ажиллагааны талаар ойлголт өгөх үүднээс “Шилэн төр, цахим шилжилтэд таны оролцоо” цуврал уулзалтыг дүүрэг бүрт зохион байгуулж байна.