Дорнод аймгийн Чойбалсан сумын нутагт энэ сарын 1-нд хээрийн түймэр дэгдэж, улмаар Гурванзагал, Чулуунхороот сумын нутгийг дамнан тархжээ. Уг түймэрт хоёр иргэн, хилийн цэргийн найман алба хаагч өртсөн байна. Тухайлбал, Чойбалсан сумд хоёр иргэн түймрээс гэрээ хамгаалах гээд галд өртжээ. Тэд 6-8 хувийн түлэгдэлтэй, биеийн байдал нь хөнгөн, эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээ авсан гэнэ. Харин Чулуунхороот сумд түймэр унтраах үед хүчтэй салхи гарсны улмаас гал газар авч, алба хаагчид түлэгдсэн байна. Тэднээс хоёр нь 50-60 хувийн түлэгдэлтэй бөгөөд биеийн байдал хүндэрсэн гэнэ. Мөн хоёр хүний биеийн байдал хүндэвтэр аж. Үүнтэй холбоотойгоор Түлэгдлийн эмнэлгийнхэн нисдэг тэргээр Чулуунхороот сумд очиж, түлэгдсэн дөрвөн алба хаагчийг нийслэлд авчран, эмчилж байна. Үүнээс гадна дөрвөн хүн дунд зэргийн түлэгдэлтэйгээр орон нутгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд эмчлүүлж буй гэнэ. Аймгийн ЗДТГ-аас нөхцөл байдлыг тодруулахад “Түймрийг цурамд оруулж, онцгой байдлын алба хаагчид бүрэн унтраахаар ажиллаж байна. Түймэрт өртсөн айлуудад гэр олгох шийдвэрийг өмнө нь Улсын онцгой комиссоос гаргасан. Айлууд өнөөдөр (өчигдөр) гэрээ хүлээн авлаа. Хохирлыг тогтоох ажлын хэсэг газар дээр нь үнэлгээ хийж байна. Одоогоор Чойбалсанд 1000 орчим, Гурванзагалд 2000 гаруй мал үрэгдсэн гэх мэдээлэл ирүүлсэн. Чулуунхороот сумаас мэдээлэл хараахан ирүүлээгүй” гэв.
Бэлтгэсэн: М.Оч