“Ногоон хот-иргэний оролцоо” уриатай хаврын мод тарих арга хэмжээг зохион байгуулахаар нэмж гурван газрыг сонгосныг нийслэлийн Байгаль орчны газраас өчигдөр танилцуулав. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дахь “Инчон мөрөөдлийн төгөл”, Хан-Уулын 14 дүгээр хороон дахь Айцын ам, Гачуурт дахь “Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны мод үржүүлгийн газар” гэсэн байршлыг сонгосон аж. Ингэснээр нийслэлийн төрийн байгууллагууд энэ хавар нийт долоон байршилд мод тарих нь. “Инчон мөрөөдлийн төгөл” 100 га талбайгаас 50-д нь навчит болон шилмүүст модоор хамгаалалтын зурвас байгуулаад буй гэнэ. Энэ хавар нэмж 8000 нарс, 7000 навчит мод тарихаар төлөвлөжээ. Харин Айцын амны зургаан га талбайд 4475 мод, сөөг тарихаар бэлтгэл базаасан гэнэ. Гачуурт дахь мод үржүүлгийн газарт навчит болон шилмүүст мод 400 гаруйг тарихаар төлөвлөсөн байна.
Бэлтгэсэн: Н.Мишээл