Хэрлэн голын сав газрын экосистем хайрга, дайрга олборлогчдын нөлөөгөөр сүүлийн жилүүдэд ихээхэн доройтож байгааг өнгөрсөн гуравдугаар сард болсон “Цэнхэр алт” үндэсний чуулганы үеэр орон нутгийн холбогдох байгууллагынхан хөндөж, яаралтай арга хэмжээ авах шаардлагатайг сануулж байв. Тэгвэл салбарын яамнаас гаргасан шийдвэрийн дагуу тус гол дагуух хайрга, дайрга олборлолтыг бүрэн зогсоож, машин, техникүүдийг буцаасан талаар Хэрлэн голын сав газрын захиргаанаас мэдээллээ. Голын хамгаалалтын бүсэд багтах таван га газрыг 2016 онд тусгай хамгаалалтаас гаргаж, түгээмэл тархацтай ашигт малтмал олборлогчид болон барилгын компанийнханд боломж олгосон нь ийм нөхцөлд хүргэсэн аж. Олборлолтын нөлөөгөөр сүйдсэн газруудыг нөхөн сэргээх ажлыг удахгүй эхлүүлэхээр төлөвлөсөн байна. Сав газрын захиргааныхан усны сан бүхий газрыг бохирдлоос хамгаалах албан даалгаврын хүрээнд гол дагуух хог хаягдал, сэг зэмийг цэвэрлэх ажлыг энэ өдрүүдэд зохион байгуулж буй юм.