Монгол Улсын Зэвсэгт хүчний 12 дугаар ээлжийн мотобуудлагын батальоны үүрэг гүйцэтгэж буй БНӨСУ-д явагдаж байгаа UNMISS ажиллагааны “Юнити” секторт үерийн гамшгийн улмаас аймаг, сумдыг холбосон үндсэн хангалтын замууд усанд автан, хөдөлгөөн хаагдаж хүнсний хомсдолоос үүдэлтэй малын хулгай, дээрэм, дэлхийн хүнсний хөтөлбөрийн цуваа руу халдах зэрэг гэмт хэргийн гаралт нэмэгдэж байгаа нь цагийн байдлыг тогтворгүй болгож байна.
Тодруулбал 4 дүгээр сарын 27-ны өдөр Бентью суурингаас Майом суурин руу эргүүлийн үүрэг гүйцэтгэж явсан Монгол Улсын Зэвсэгт хүчний 12 дугаар ээлжийн бүрэлдэхүүн Майом суурингаас хойш 35 километрт байрладаг Кайкан суурингийн зам дээр болсон зэвсэгт халдлагын улмаас Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсын Ардын Чөлөөлөх Арми /Сөрөг хүчний (SPLA-IO)/-ийн цэргүүдээс нэг цэрэг нь амь үрэгдэж, хоёр цэрэг шархадсан байсантай таарсан байна.
Тэд энэхүү эргүүлийн бүлгээс тусламж хүссэний дагуу шархадсан цэргийн алба хаагчдад анхан шатны тусламжийг үзүүлэн Бентью суурингийн төв эмнэлэгт хүргэх ажиллагааг зохион байгуулсны үр дүнд тэдний амь насыг авран хамгааллаа.
Бэлтгэсэн: Ахлах дэслэгч Л.Түмэндэлгэр