Улаанбаатар хот өчигдөр бүхэлдээ өмхий үнэрт автлаа. Урин дулаан цаг айлчлахтай зэрэгцээд нийслэл даяар цэвэрлэх байгууламжийн таагүй үнэр тархдаг. Энэ нь өчигдрийн бүгчим халуун хэрнээ салхитай үед илүү үнэртэж байлаа. Одоогийн Төв цэвэрлэх байгууламжийг 1964 онд ашиглалтад оруулсан бөгөөд өдгөө ачааллаа дийлэхээ больж, тоног төхөөрөмж нь хуучраад буй билээ. Ялангуяа цэвэрлэх байгууламжаас гаргасан лагийг задгай талбайд хатаадаг, хэт хуучирсан тeхнологи нь өмхий үнэрийн эх сурвалж болсоор удлаа. Уг нь нийслэлд шинэ цэвэрлэх байгууламж барьж эхэлсэн ч хэдийд ашиглалтад оруулах нь ойлгомжгүй байгаа юм. Шинэ цэвэрлэх байгууламжийн ажлын явцын талаар Барилга, хот байгуулалтын яамны Нийтийн аж ахуйн инжeнeрийн дэд бүтцийн хэлтсийн дарга Г.Цогтсайханаас тодруулахад “2024 оны наймдугаар сард ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй. Одоогийн цэвэрлэх байгууламжаас өдөр бүр их хэмжээний лаг гардаг. Үүнээс шалтгаалан эвгүй үнэр тархаж байгаа. Цэвэрлэх байгууламжийг ашиглагч Ус сувгийн удирдах газрынхан уг нь лагийг өдөр бүр хучиж, далдлах, үнэргүйжүүлэх ёстой” гэлээ. Шинэ цэвэрлэх байгууламжийн барилгын ажлыг 2017 оноос эхлүүлжээ. Гэсэн ч цар тахлын улмаас хэсэг хугацаанд бүтээн байгуулалтын ажил саатсанаас болж өдий хүртэл ашиглалтад оруулж чадаагүй гэнэ. Өвлийн утаанаас арай гэж салаад л улаанбаатарчууд Төв цэвэрлэх байгууламжийн таагүй үнэртэй “золгодог” байдлыг хэзээ өөрчлөх вэ.