Туул голын сав газрын захиргааныхан Экологийн цагдаагийн албатай хамтран иргэдээс ирүүлсэн гомдол, мэдээллийн мөрөөр хариуцсан нутаг дэвсгэртээ хяналт шалгалт зохион байгуулжээ. Ингэхэд Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг нэгэн аж ахуйн нэгж худалдааны төв байгуулах ажлын хүрээнд гурав орчим га газрын хөрсийг зөвшөөрөлгүй хуулж, шороогоо голын голдирол хэсэгт буулгаж байжээ. Энэхүү зөрчлийг нийслэлийн Байгаль орчны газар болон Экологийн цагдаагийн алба үргэлжлүүлэн шалгаж буй аж. Мөн БОАЖЯ-ны Салбарын хяналтын газрын байцаагчид холбогдох байгууллагынхантай хамтран өнгөрсөн амралтын өдөр Улиастай, Тэрэлж, Гачуурт, Сэлбэ гол чиглэлд шалгалт хийжээ. Өмнөх зөрчлүүдээ арилгаагүй, улсын байцаагчийн өгсөн албан даалгаврыг биелүүлээгүй тохиолдол цөөнгүй байсан аж. Үүнтэй холбогдуулан яамнаас зарим иргэн, аж ахуйн нэгжийн газар ашиглах эрхийг цуцлуулах, байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх албан тоотыг нийслэлийн удирдлагад хүргүүлэхээр болжээ.
Бэлтгэсэн: Н.Мишээл