Тусгай хамгаалалттай газар нутагт нэвтрэх хураамжийн хэмжээг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар шинэчлэн тогтоосныг өчигдрөөс орон даяар мөрдөж эхэлсэн байна. Манай улсад 1995 оноос эхлэн тусгай хамгаалалттай газарт нэвтрэх иргэнээс 300, автомашинаас 500 төгрөгийн хураамж авдаг болжээ. Энэхүү тарифыг түүнээс хойш 28 жил шинэчлээгүй аж. Тусгай хамгаалалттай нутгийг дархан цаазат, байгалийн цогцолборт, байгалийн нөөц, байгалийн дурсгалт газар гэж дөрөв ангилдаг. Өмнө нь аль ч газарт нэвтэрсэн адилхан төлбөр авдаг байв. Тэгвэл өдгөө газрын ангиллын дагуу харилцан адилгүй байдлаар хураамжийн хэмжээг тогтоожээ. Тухайлбал, архан цаазат газарт иргэн нэвтрэхэд 5000, байгалийн цогцолборт газар 3000, нөөц газар 2000, дурсгалт газар 1000 төгрөгийн хураамжтай болжээ. Тээврийн хэрэгслийн тухайд ч өмнө нь автомашин гэсэн нэг л ангиллаар нэвтрэх хураамж авдаг байсан. Харин өдгөө мотоцикл, суудлын автомашин, автобус, ачааны машин, нисдэг тэрэг, онгоц гэж ангилж, төлбөрийг нь ялгаатай байдлаар тогтоожээ. Жишээ нь, мотоцикл нэвтрүүлэх бол газрын ангиллаас хамаараад 1000-5000, суудлын автомашин бол 3000-15 000, автобусных 10 000-120 000 төгрөгийн хураамжтай байх нь. Нисдэг тэрэг, онгоцоор нэвтрэх бол 60 000-500 000 төгрөг төлөх аж. Ташрамд дурдахад, тусгай хамгаалалттай бүс нутагт нэвтрэх хураамж хэтэрхий бага, байгаль орчныг хамгаалахад хүрэлцдэггүй гэсэн шүүмжлэл өмнө нь байнга гардаг байв.
Бэлтгэсэн: М.Оч