Төв Азийн гадагш урсгалгүй ай савын томоохон голуудын нэгт тооцогддог Онги гол Хангайн нурууны өврөөс эх аван ойт хээр, хээр, говийн бүсийг дамжиж, 437 км зам туулан өртөөлсөөр 175 ам км талбай бүхий Улаан нуурыг бий болгодог байсан. Ийнхүү өнгөрсөн цаг дээр өгүүлж буйн шалтгаан нь гурван аймгийн найман сумын газар нутгаар урсаж, олон мянган хүн, малын ундны эх үүсвэр болсоор ирсэн тус голын урсац сүүлийн жилүүдэд эрс татарч, 2018 оноос хойш байнга тасрах болсонтой холбоотой. Үүний улмаас Монгол орны говь нутгийн экологийн тэнцвэрийг хадгалахад гойд нөлөөтэй, нууруудын хөндийд томоохондоо тооцогддог Улаан нуур юу ч үгүй ширгэж, хагархай шал, хатсан сайр төдий газар болон хувираад буй. Тэгвэл “Хайдродизайн прожект”, “Монхидро констракшн”, “Престиж инженеринг” ХХК-ийнхан усны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг мэргэжлийн 11 байгууллагын 200 гаруй судлаач, мэргэжилтэнтэй хамтран Онги голыг, Улаан нууртай нь хамт аврах “төлөвлөгөө” боловсруулаад байна. Тэд үүндээ Орхон голыг ашиглахаар тооцоолжээ.
...Харин “Хөх морь” хөтөлбөрийг хэрэгжүүлж, томоохон бүтээн байгуулалт хийж чадвал 52 тэрбум шоо метр ус хуримтлуулах боломжтойг Усны газрын ахлах мэргэжилтэн Х.Мягмаржав дурдав. Усны салбарын судлаачид ийнхүү тооцжээ. Тодруулбал, одоо бидний жилд хэрэглэж буй уснаас 104 дахин их нөөцийг голуудад урсцын тохируулга хийх, хуримтлуулах байдлаар бүрдүүлнэ гэсэн үг...
Судлаач, мэргэжилтнүүд Өвөрхангай аймгийн Хужирт сумын нутагт орших Мөнгөт уулд түшиглэн, Орхон гол дээр усан цогцолбор барих боломжтой гэж үзжээ. “Орхон-Мөнгөт уул” цогцолборын усан сангийн эзлэхүүн 598 сая шоо метр, усан толионы талбай 44.4 ам км, дундаж урт нь 15.3, өргөн нь 2.97 км байх гэнэ. Тооцоот дүүргэлтийн хугацаа нь 3.5 жил. Өөрөөр хэлбэл, усан санг бүрэн эзлэхүүнээр нь дүүргэхэд ийм хугацаа шаардах нь. Усан цогцолбор нь цахилгаан станц, авто зам, загас өнгөрүүлэх, хур тунадас, үерийн ус хуримтлуулах зориулалттай олон байгууламжаас бүрдэх юм байна. Үүний хамгийн гол зорилго нь Орхон голд урсцын тохируулга хийж, гадаргын усны нөөц бүрдүүлэн, Онгийг тэтгэж, Улаан нуурын усны түвшнийг тогтвортой болгох аж. Цаашлаад говийн бүсийн зарим суурингийн хүн ам, хөдөө аж ахуй, уул уурхайн үйлдвэрлэлийг ус хангамжийн найдвартай эх үүсвэртэй болгох. “Орхон-Мөнгөт уул” цогцолборын хүрээнд Өвөрхангайн Хужиртаас Өмнөговийн Цогтцэций хүртэл ус дамжуулах 509 км шугам барих бөгөөд энэ нь Орхон голын жилийн дундаж урсцын таван хувь буюу 25 сая шоо метр усыг Онгид дамжуулж, говийн бүсийг тэтгэх боломжтой гэж үзжээ. Энэхүү тооцооллын дагуу ойрын хугацаанд томоохон бүтээн байгуулалт эхлүүлэхээр зорьж байгааг БОАЖЯ-ныхан дурдав.
Монгол Улсын Засгийн газар “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн баримт бичигт тусгасан ус хангамжийг сайжруулах, газрын доорх нөөцийг хамгаалах зорилтынхоо хүрээнд “Хөх морь” үндэсний хөтөлбөр баталсан. Үүний хүрээнд Монгол орны томоохон голуудад түшиглэн 2050 хүртэл 33, 2030 он гэхэд 10 байршилд усан сан, цогцолбор, цахилгаан станц байгуулахаар техникийн урьдчилсан судалгаа хийгээд буй. Эхний ээлжид буюу 2024 онд багтаан “Орхон-Онги”, “Хэрлэн-Тоонот” төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөснөөс одоогийн байдлаар Орхон, Онги гол чиглэлд байгуулах усан цогцолборын ТЭЗҮ-ийг бэлэн болгоод байна. Үүнийг дээрх гурван компани төрийн холбогдох байгууллагуудтай хамтран 1.2 их наяд төгрөгөөр боловсруулжээ. Харин “Хэрлэн-Тоонот” төслийн ТЭЗҮ-ийг шинэчлэн боловсруулах, нарийвчилсан судалгаа хийх ажил өдгөө үргэлжилж байгаа аж.
Монголчууд жилд дунджаар 500 сая шоо метр ус хэрэглэж буй. Зөвхөн говийн бүсийнхний хэрэглээ 25.1 сая шоо метр байдаг. Эл үзүүлэлт 2030 онд гурав дахин өсөх төлөвтэйг мэргэжлийн байгууллагаас анхааруулсан. Гэтэл Монгол орны гол, нуур, уст цэгүүд жилд зуу зуугаар ширгэж, үгүй болсоор байна. Өнгөрсөн жил гэхэд улсын хэмжээнд 362 гол, горхи, булаг, шанд ширгэсэн гэсэн гол харлам статистик бий. Энэ нь бидэнд усны зохистой менежмент хэрэгжүүлэх, газрын доорх нөөцөө ариглах, гол, нууруудаа хамгаалах цаг ирснийг дохиолж буй. Харин “Хөх морь” хөтөлбөрийг хэрэгжүүлж, томоохон бүтээн байгуулалт хийж чадвал 52 тэрбум шоо метр ус хуримтлуулах боломжтойг Усны газрын ахлах мэргэжилтэн Х.Мягмаржав дурдав. Усны салбарын судлаачид ийнхүү тооцжээ. Тодруулбал, одоо бидний жилд хэрэглэж буй уснаас 104 дахин их нөөцийг голуудад урсцын тохируулга хийх, хуримтлуулах байдлаар бүрдүүлнэ гэсэн үг. Түүнчлэн хатаж, ширгэсэн гол, нууруудаа тэтгэж, усны түвшнийг нь тогтвортой хэмжээнд барих боломж бүрдэнэ. Харин эхний ээлжийн “Орхон-Онги”, “Хэрлэн-Тоонот” төслийг хэрэгжүүлснээр Монгол орны говийн бүс, тэр дундаа нууруудын хөндийн цутгал болсон гол, мөрнүүдийг хамгаалах, ууршиж, алга болсныг нь сэргээх ач холбогдолтой юм. “Орхон-Онги”-ийг хэрэгжүүллээ гэхэд нууруудын хөндийн зүүн бүсийн хамгийн том нь болох Улаан нуурыг сэргээх боломжтой.
Говийг усжуулах зорилготой “Орхон-Онги”, “Хэрлэн-Тоонот”-ыг 33 байршилд хэрэгжүүлэх төслүүдээс нэн тэргүүнд эрэмбэлсэн нь учиртай. Монгол орны говийн бүсэд гадаргын усны нөөц хязгаарлагдмал. Тэр хэрээр газрын доорх усны хэрэглээ өндөр. Ялангуяа уул уурхайн үйлдвэрлэлийн идэвхтэй бүс гэгддэг өмнийн говьд усны хэрэглээ бусад газрынхаас эрс их байдаг. Тиймдээ ч “Орхон-Онги”-ийн маршрутыг Хужиртаас Цогтцэций чиглэлд гаргажээ. Ц.Шаравдорж тэргүүтэй УИХ-ын гишүүд тэртээ 2007 онд санаачилж, түүнээс хойших үе үе Засгийн газар хэрэгжүүлнэ, хэрэгжүүлэхгүй хэмээн “тэмцэлдсэн” “Орхон говь”, “Хэрлэн говь” төсөл ч өмнийн говь руу чиглэж байв. “Орхон говь”-ийн хүрээнд 740 км урт шугам хоолойг Тавантолгой, Оюутолгой руу татаж, тэдгээрээс салаалсан байгууламжаар Мандалговь, Даланзадгадыг усаар хангахаар төлөвлөж байсан юм. Орхон голоос секунд тутамд 2500 литр усыг говийн бүс рүү дамжуулах боломжтой гэсэн тооцоог судлаачид тухайн үед танилцуулсан. Харамсалтай нь, эл төслийг ТЭЗҮ, зураг төсөл боловсруулах ажлаас хэтрүүлээгүй. Харин Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар эдгээрийн “голдирол”-ыг өөрчилж, “Орхон-Онги”, “Хэрлэн-Тоонот” болгож оруулж ирлээ.
Улс төрийн нөлөө, хэсэг бүлэг хүний эрх ашиг, эдийн засгийн чадамж, хөрш зэргэлдээ орны бодлого зэргээс шалтгаалаад хэрэгжүүлж чадаагүй, олон жил “дуншсан”, усны салбартай холбогдох төсөл, хөтөлбөр (Эгийн голын болон Эрдэнэбүрэнгийн УЦС, “Орхон говь”, “Хэрлэн говь” гэх мэт) цөөнгүй бий. “Хөх морь” үндэсний хөтөлбөр үүний нэг бүү болоосой. “Орхон-Онги”, “Хэрлэн-Тоонот”-оо амжилттай хэрэгжүүлж, дараа дараагийн төслийнхөө замыг дардан болгоосой. Төслийн ТЭЗҮ боловсруулах ажлын хэсэгт багтсан хүмүүс “Орхон-Онги”, “Хэрлэн-Тоонот”-ыг “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд хэрэгжүүлэх 90 төсөлд багтаасан учир ажил хэрэг болгох нь баттай, бүтээн байгуулалтыг эхлүүлэх нь цаг хугацааны асуудал” гэж өөдрөгөөр ярьж байгаа ч БОАЖЯ-ны Байгалийн нөөцийн бодлого, зохицуулалтын газрын дарга Ц.Уранчимэг томоохон төсөл учраас санхүүжилтийг нь шийдэхээс эхлээд асуудал их байгааг хэлэв. Тэрбээр “Төслийн ТЭЗҮ-ийг нь баталсан. Одоо зураг төсөл боловсруулах, байгаль орчинд нөлөөлөх байдлын бүс нутгийн стратегийн үнэлгээ хийх ажил үргэлжилж байна. Усны нөөцтэй холбоотой төсөл учраас шаардлагатай санхүүжилтийн тодорхой хувийг улсын төсвөөс шийдэх бодлого баримталж байгаа. Мөн Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк зэрэгт энэ чиглэлээр хамтран ажиллах санал хүргүүлсэн” гэв.
“Цаг, минут тутам хилээр гадагшаа урсаж байгаа усны тодорхой хэсгийг хуримтлуулан үлдээж, усан сан байгуулан, нөөцөө үр ашигтай зарцуулах хэрэгтэй” гэж амтай болгон шогширдог хэрнээ төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх болоход иргэд нь бэлчээр нутаг ярьж эсэргүүцдэг, төр нь эдийн засгийн хүндрэл, эрх ашигт бүдэрдэг энэ чөдөр тушааг “Хөх морь” тайлаасай. Үүнийг хөдөлгөж чадах аваас хожил их.