Байгаль хамгаалах ажилд иргэн, хүн бүр идэвх санаачилгатай оролцох, соёлыг түгээх, эх орноо хамгаалдаг нийгмийн хариуцлагатай иргэнийг төлөвшүүлэх зорилгоор Экологийн цагдаагийн албанаас “Хүн бүр байгаль хамгаалагч” аяныг эхлүүлээд буй.
Хог хаягдлыг энгийн, аюултай, ахуйн хэмээн гурав ангилдаг. Монгол Улсад жилд дунджаар 2,3 сая тонн хог хаягдал үйлдвэрлэгддэг. Үүний 1,4 сая тонныг Улаанбаатар хотоос гардаг тэгэхээр хувьчлаад авч үзэхэд 15 хувь нь барилга байгууламжаас, 25 хувь нь уурын зуух гэр хорооллын үнс, 60 хувь нь ахуйн хэрэглээний хог эзэлдэг бөгөөд нийт хог хаягдлын 70 хувийг ландфилийн аргаар булж байна. Мөн 2020 онд хийсэн Дэлхийн банкны судалгаагаар Монгол хүн өдөрт 2,6 кг хог хаягдал үүсгэдэг нь Дэлхийд 12 дугаар байр эзэлж байгаа нь харамсалтай тоо баримт байна.
Тэгэхээр хог хаягдал үүсгэхгүй байх хамгийн энгийн бөгөөд эхний алхам бол шаардлагагүй худалдан авалт, хэрэглээнээс татгалзах юм. Худалдан авалт хийх бүртээ “Би үүнийг хэр удаан хэрэглэх вэ”, “Энэ надад зайлшгүй хэрэгтэй юу”, “Үүнийг дахин боловсруулах боломжтой юу” гэх мэтээр асууж санхүүгээ хэмнэхээс гадна байгаль, дэлхийдээ хувь нэмрээ оруулаарай.
Дэлхийн нийт хог хаягдлын 30 хувийг гялгар уут эзэлдэг. Тийм учраас даавуун тор хэрэглэж хэвших нь хамгийн зөв хэвшил юм.
Үүнээс гадна өмсөж буй хувцсаа хүртэл ухаалгаар сонговол та байгальд үнэтэй хувь нэмэр оруулна. Учир нь хөвөн ашиглаж нэг подволк хийхэд л 2700 л ус шаардлагатай байдаг. Нэг хүн ижил хэмжээтэй ус уухад 2 жил хагасын хугацаа шаардагдана. Харин нэг жинсэн өмд үйлдвэрлэхэд 9,997 буюу 10 мянган литр шахам ус шаардагддаг. Эдгээр тоон үзүүлэлтийг хараад та байгаль хамгаалах үйлсэд багахан ч болов хувь нэмрээ оруулахыг хүсч байвал дараах өөрчлөлтүүдийг хийгээрэй. Үүнд:
Гялгар уутны оронд даавуун тор хэрэглэх
Олон хувцас авахын оронд өөрт тохирсон стиллэг хувцас сонгох
Нэг удаагийн хуванцар материалыг дахин ашиглах боломжтой зүйлсээр солих
Хэрэглээгүй, дургүй зүйлээ хэрэгтэй хүнд нь дамжуулах
Эвдэрсэн цахилгаан хэрэгслийг хаяхын оронд засаж хэрэглэх
Богино хугацаанд шүршүүрт орох гэх мэт
МУ-ын үндсэн хуулийн 16 дугаар зүйлд зааснаар иргэн бүр эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхтэй бол эл хуулийн 17 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт байгаль орчноо хамгаалах үүрэгтэй гэж тусгаж өгсөн байдаг. Тийм учраас иргэн бүр эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлан минимал амьдралын хэв маягийг сонгож, байгалиа хамгаалах их үйлсэд нэгдээрэй.