Хэнтий аймгийн Батширээт сумын харьяат иргэн Б нь энэ оны дөрөвдүгээр сарын эхээр тус сумын нутаг дэвсгэрээс нас бие гүйцсэн хүрэн баавгай 1 /эм/, 2 бамбарууш агнаж, Улаанбаатар хот руу оруулан бусдад худалдахаар Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт хадгалж, байсныг Экологийн цагдаагийн албанаас илрүүлэн шалгалтын ажиллагаа явуулж байна.
Шалгалтаар иргэн Б нь хууль бусаар нас бие гүйцсэн эх баавгайг галт зэвсгээр буудаж, төрөөд 1 сар ч болоогүй 2 бамбаруушийг хатуу эд зүйлээр цохиж алсан нь урьдчилсан байдлаар тогтоогдсон. Ан амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг баталсан Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтад зааснаар Хүрэн баавгайг эр, эмээс нь хамаарч 6.500.000-7.500.000 төгрөгөөр үнэлсэн. Монгол Улсын Амьтны тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.2 дахь хэсэгт амьтны аймагт учирсан хохирлыг тухайн амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг 2 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр нөхөн төлүүлнэ гэж заасны дагуу 42.000.000 /дөчин хоёр сая/ орчим төгрөгийн нөхөн төлбөр тавигдана. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд хүрэн баавгайн 3 ширхэг нойтон арьс, доньд зэргийг эд мөрийн баримтаар хураан авсан. Тухайн хэргийг Хэнтий аймгийн харьяат иргэн “Б” нь үйлдсэн болох нь шалгалтын явцад тогтоогдсон бөгөөд Б нь урьд өмнө эрүүгийн хуулийн 100 дугаар зүйл, 239 дүгээр зүйл ангиудаар 3 удаагийн ял шийтгэгдэж байсан.