Гаалийн байцаагчийн гэрээс их хэмжээний буюу 9 кг алт, 10 тэрбум төгрөг олдсон гэх асуудлаар ГЕГ-ын Хуулийн газрын дарга Ч.Тамираа дараах тайлбар мэдээллийг өглөө. Тэрбээр "Сүүлийн хэдэн өдөр хэвлэлээр гаалийн байцаагчтай холбоотой холбоотой мэдээлэл гарсан. Бодит мэдээллийн өгье. Хяналт шалгалт хийх эрх бүхий хуулийн байгууллагаас гаалийн улсын байцаагчийн гэрт нэгжлэг шалгалт хийсэн нь үнэн байна. Тодруулбал, ГЕГ-ын харьяа Улс хоорондын шуудан илгээмжийн газрын гаалийн улсын байцаагч, нягтлан бодогч С-ийн гэрт нэгжлэг хийсэн. Гэхдээ их хэмжээний буюу 9 кг алт, 10 тэрбум төгрөг олдоогүй. Тэрбээр жирэмсний амралтаа аваад 1 жил 6 сар гаруй болж байна. Хөдөлмөрийн хуулийнхаа дагуу хүүхдээ харж байгаа. Тэрбээр бичиг баримт шалгах, хяналт шалгалт хийх эрхтэй хүн биш. Шуудан илгээмжийн үйл ажиллагаанд оролцдоггүй. Улс хоорондын шуудангийн санхүүгийн тайлан тооцоо хийдэг л хүн. Сүүлийн 8 жил хяналт шалгалтын үйл ажиллагаанд оролцоогүй. Хууль хяналтын байгууллагаас авсан мэдээллээр С-ийн гэрээс үл хөдлөх хөрөнгийн 10 гэрчилгээ, 60 мянган рубль гарсан. Үүнийг хуулийн дагуу олсон уу гэдгийг шалгаж байна. Бид мөн захидал боодол илгээмж дотор хууль бус зүйл хийж нэвтрүүлсэн үү гэдгийг тодруулахаар дотоод хяналт шалгалт хийж байна. Шуудан илгээмж дотор хар тамхи байсныг бид илрүүлж мэдээлж байсан. Бэлэн мөнгө гарч ирж байгаагүй" гэлээ.