Зайсан тойруу, ХААИС-ийн уулзварын замын хөдөлгөөний зохион байгуулалтыг өнгөрсөн нэгдүгээр сараас өөрчилж, нэг чигийн урсгалтай болгосон. Ингэснээр Зайсан орчмын замын нэвтрүүлэх чадвар 35 хувиар сайжирч, түгжрэл тодорхой хувиар буурсан гэж холбогдох албаныхан мэдээлж байсан юм. Гэтэл уг шийдвэр нь төвөг чирэгдэл учруулахаас хэтрэхгүй байгааг тухайн хэсгийн оршин суугчид мэдээлэв. Оршин суугчид өнгөрсөн бямба гарагт ХААИС-ийн уулзварт жагсаал зохион байгуулсан юм. “Өмнө нь 15-20 минут явдаг байсан замыг одоо цаг орчмын хугацаанд тойрч, түгжирсээр арайхийн туулж байна. Түүнчлэн том оврын машинууд зорчиж зам эвдэх нь ихэслээ. Үүнээс улбаалан осол гарах нь ч нэмэгдсэн. Хөдөлгөөнийг өөрчилснөөр төв замд түгжрэл буурсан байж магадгүй. Харин Зайсан тойруу орчимд бол улам ихэссэн” гэж иргэд хэлж байна. Зайсан тойруу орчмыг өчигдөр өмнөх шиг нь хоёр урсгалтай болгосон байв. Гэсэн ч энэ нь зам засах хугацаанд буюу зөвхөн тухайн өдөртөө л үйлчлэх шийдвэр бөгөөд өнөөдрөөс дахиад нэг чигийн урсгалтай болох гэнэ.