Нийслэлийн хэмжээнд хоол үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлээр 3615 иргэн, аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж буйгаас ресторан 1150, баар 958, кафе 210, цайны газар болон сүлжээ хоолны газар 1145, кофе шоп 152 байдаг. Мөн хүнсний боловсруулах үйлдвэр 620 байгаагаас гурил, гурилан бүтээгдэхүүний 192, мах, махан бүтээгдэхүүний 232, сүү, сүүн бүтээгдэхүүний 38, цэвэр ус, ундаа, жүүсний 53, согтууруулах ундаа, тамхины 28, өндөгний найм, нөөшилсөн болон бусад 69 үйлдвэр үйл ажиллагаа явуулж байна. Хотын удирдлага хүнс үйлдвэрлэлийн салбарын төлөөлөлтэй уулзаж санал бодлыг нь сонсжээ.
Ресторан, зоогийн газрын холбооны ерөнхийлөгч Е.Есөнмөнх энэ үеэр "Ресторан, зоогийн газрын холбооны хувьд Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийн тоог яаралтай батлахад нийслэлийн зүгээс дэмжиж өгөх санал гаргаж байна. Түүнчлэн энэ Ажлын хэсэгт мэргэжлийн холбоодын төлөөллийг оруулах нь чухал. Энэ жил олон жуулчин ирнэ гэж төлөвлөж байгаа. Гэтэл долоодугаар сард, жуулчны улирал хэдийн эхэлчихсэн байхад тусгай зөвшөөрөл гарч таарах нь. Энэ бол зочлох үйлчилгээний салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийн хувьд алдагдал хүлээх нөхцөл юм" гэлээ. Үүнээс гадна “Дельта холдинг” ХХК-ийн захирал У.Мөнхжаргал "Мэргэжлийн хяналтын байгууллагыг татан буулгасантай холбоотойгоор хүнс үйлдвэрлэлийн салбарт чанарын хяналтыг сайжруулах хэрэгтэй байна. Тухайлбал, жижиг гуанз, хоолны газрууд чанарын шаардлага хангахгүй тос ашиглаж байна. Хүнсэнд ашиглах тосны хүчил нь таван хувиас ихгүй байх ёстой байтал 40 хувь хүрчихсэн байгаа тохиолдол их. Энэ бол иргэдийн эрүүл мэнд, амь настай хамаатай асуудал хэмээж байлаа. Мөн хүнсний чанар, аюулгүй байдалд анхаарах, зах, худалдааны төвүүд, задгай талбайд худалдаалж буй бүтээгдэхүүнд хяналт тавих нь чухлыг салбарынхан онцлов. Түүнчлэн тусгай зөвшөөрөл олгох үйл явцыг шуурхай болгох, энэ чиглэлд хүнд суртлыг арилгах нь аж ахуйн нэгжүүдэд том дэмжлэг болно" гэдгийг илэрхийллээ.
“Жүр үр” ХХК-ийн захирал Б.Мөнхзул мөн "Үйлдвэрлэлээ өргөтгөх, тоног төхөөрөмжөө шинэчлэхэд тулгардаг нийтлэг бэрхшээл бол зөвшөөрөл. Бид үйлдвэрийн байраа барих, эсвэл өргөтгөхөд нийслэлээс хэд хэдэн удаагийн зөвшөөрөл авах ёстой байдаг. Гэтэл зөвшөөрөл гарахгүй уддагаас алдагдалд ордог, үйл ажиллагаа саатдаг. Үүнийг шийдэхэд анхаарч өгвөл хамгийн бодитой дэмжлэг болохоор байна" хэмээсэн юм.
Үүнээс гадна хоол, хүнс үйлдвэрлэлийн салбарт тулгамдаж байгаа асуудлуудыг аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдийн зүгээс онцолж байлаа. Тухайлбал, эрх бүхий байгууллагаас урьдчилан мэдэгдэлгүйгээр ус, цахилгааныг хаадаг, тусгай зөвшөөрлүүд удаж гардаг, ажиллах хүчний хомсдол их байгааг ярьсан. Мөн хоол үйлдвэрлэл, рестораны бизнест хамгийн их тулгамдаж буй асуудал нь гадаадаас өндөр чадвартай тогооч, мэргэжилтнүүд урьж ажиллуулах байдаг аж. Энэ тал дээр нийслэлийн зүгээс бодлогоор дэмжих боломжтой, эсэх талаар тодруулж байсан юм. Түүнчлэн хүнс үйлдвэрлэлийн салбарын бүх ажилчдаас эрүүл мэндийн шинжилгээ өгөхийг шаарддаг нь бэрхшээл үүсгэж байгааг “Сүү” ХК-ийн төлөөлөл хэлж, эдгээр шинжилгээг цаг зав хэмнэсэн байдлаар зохион байгуулах саналыг тавьсан юм.
Харин нийслэлийн удирдлагын зүгээс хоол, хүнсний үйлдвэрлэл эрхлэгчдийн асуултад тодорхой хариултуудыг өгөхийн зэрэгцээ тэдний зүгээс ирүүлж буй санал, хүсэлтийг хүлээн авч, цаашид хийх ажил, авах арга хэмжээндээ тусгаж ажиллахаа онцолсон. Тухайлбал, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Аж ахуйн нэгжүүдийг бүх л түвшинд дэмжиж ажиллана. Тухайлбал, стандарт, хууль журмын дагуу үйл ажиллагаагаа явуулж, үнэ цэн бүтээж байгаа аж ахуйн нэгжийг ногоон буюу А категорид багтааж, нийслэлийн зүгээс бодлогоор дэмжих ажлыг эхлүүлнэ. Мөн өнөөдрийн уулзалтаар та бүхнээс ирүүлсэн саналын дагуу тулгамдсан асуудлыг шийдэх, дэмжлэг үзүүлэх Ажлын хэсэг байгуулна. Ингээд нийслэлээс олгодог зөвшөөрлүүдийг шуурхайлах, ажиллах хүч зуучлахад нийслэлийн харьяа газруудтай хамтарч ажиллах боломж бүрдүүлэх, хяналт шалгалтын тал дээр мэдээллээ солилцох, зөвлөн туслахад онцгойлон анхаарах болно. Цаашид ийм уулзалтуудыг тогтмол зохион байгуулна” хэмээлээ.