Сэлэнгэ аймаг “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг манлайлж, тарьц, суулгацын гол нийлүүлэгч болох зорилт тавин ажиллаж буй. Тэгвэл үүний хэрэгжилтийг дүгнэх зөвлөгөөн өнгөрсөн бямба гарагт тус аймагт боллоо. Тэрбум мод тарихад жилд дунджаар 130-150 сая тарьц, суулгац зах зээлд нийлүүлэх шаардлагатай гэсэн тооцоог холбогдох байгууллагаас гаргасан. Сэлэнгэчүүд үүний 20 саяыг нь нийлүүлэхээр гэрээ байгуулж, өнгөрсөн жил 1497 га талбайд 3.7 сая мод тарин, 3.2 сая тарьц, суулгац зах зээлд борлуулжээ. Мод үржүүлэгч аж ахуйн нэгжүүд болон уул уурхайн компаниуд эл арга хэмжээний үеэр “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэгчидтэй хамтын ажиллагааны гэрээ байгуулсан байна. Тухайлбал, “Болдтөмөр Ерөө гол”, “Бугат нандин” ХХК, “Монгол, Солонгосын мониторинг үндэсний төв” 2023-2030 онд 100 сая, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК Хараа голын эрэг орчимд 300, “Цемент шохой”-нхон 100 мянган мод тарих гэрээнд гарын үсэг зуржээ. “Номгон форести” компани “Монгол орны бореал ойг Сэлэнгэ аймагт нөхөн сэргээх, ойжуулах” төслийнхөө хүрээнд дэвшилт технологи, дроны тусламжтайгаар 50 мянган га талбайд зурвас байгуулж, голын эрэг орчмыг бургасжуулах амлалт өгсөн аж.