Шүүхээр дэнслүүлэхээр болсон эрүүгийн хэрэг, иргэний маргааныг товлосон өд өр нь хэлэлцэн шийдвэрлэх тохиолдол багассан. Хэргийн оролцогчид, тэдний өмгөөлөгч, төлөөлөгч нар элдэв шалтгаан тоочиж хойшлуулдаг нь гэм биш, зан болж хэвшсэн гэхэд хилсдэхгүй. ШЕЗ, шүүхүүдийн хийсэн судалгаанаас үзэхэд хурал хойшлуулдаг хэргийн гол эзэд нь өмгөөлөгч нар гэх нь ч бий. Шүүхийн зохион байгуулалтын алдаанаас болж гэмт хэрэг үйлдсэн хүмүүст хариуцлага хүлээлгэж чадахгүй байсаар өдгөө хэрэг шийдвэрлэгдэх, эсэх нь ч тодорхойгүй болсон тохиолдол ч байгаа. БНСУ-ын иргэн Баг Жон Ёог, манай улсын иргэн Т.Хүрэлжанжин нар чинээлэг айлуудынхаас хулгай хийсэн хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцэж чадахгүй удааширсан. Уг нь гадаадын иргэнийг цагдан хорих санал гаргасан ч шүүх татгалзсаар байгаад тухайн шүүгдэгчийг алдчихсан юм. Ингэснээр Л.Гүндалай, Л.Чинбат тэргүүтэй айлуудаас хулгай хийсэн хэргийг шүүх эцэслэн шийдвэрлэх боломжгүй болсон. Гэтэл нөгөөх шүүгдэгч Т.Хүрэлжанжин нь хэсэг хүмүүстэй нийлж, ир гэдийг айлган сүрдүүлж, дарамталсан хэрэгт холбогдон цагдан хоригдоод байгаа билээ.
Зөвхөн эл хэргээр тогтохгүй шүүх, прокурорын дунд хэрхсэн нь тодорхойгүй болсон ХААИС-ийн захирал Т.Хэрүүгад холбогдох, Шадар сайд асан Ц.Оюунбаатар нарын, Улсын баатар Э.Бат-Үүл тэргүүтний, Монгол банкны ерөнхийлөгч асан Н.Золжаргал, ОБЕГ ын дарга асан, өдгөө БНХАУ-д суугаа Элчин сайд Т.Бадрал нарын гээд олон хэргийг дурдаж болно. Гэхдээ энэ удаа шүүхэд шилжүүлж, шүүгч, түүний туслахын шүүгээнд ороод шийдвэрлэж чадаагүй байгаа, тоосонд дарагдаж буй авлигын хэргүүдийг онцолъё.
Сүүлийн 10 хоногийн хугацаанд шүүхээр хэрэг шийдвэрлэх ажиллагаа удааширч, хойшилж байгаа. Учир нь “Хөгжлийн банк”-ны гэх олны анхаарал татсан, 80 хүн, дөрвөн аж ахуйн нэгжид холбогдох хэрэг 10 дахь өдрөө үргэлжилж, шүүгдэгчдийн өмгөөлөгч нар өөр хуралд оролцох боломжгүй байгаагаас, түүнчлэн шүүх бүрэлдэхүүнд багтсан гурван шүүгчид хуваарилагдсан хэргийг хэлэлцэх боломжгүй учраас зарим хурлаа хойшлуулж буй. Гэхдээ эдгээрээс шалтгаалаагүй гацсан цагаан захтнуудын хэрэг олон байгаа юм.
ИНЕГ-ЫН ДАРГА АСАН Л.БЯМБАСҮРЭНГИЙН ХЭРЭГ ШҮҮХЭД ГУРВАН ЖИЛ ШАХАМ ДАРАГДАВ
АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгасан, ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн болон дэд дарга Б.Алтанцом нарт холбогдох, албан тушаалаа урвуулсан хэрэгт НПГ-аас яллах дүгнэлт үйлдэн Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлснээс хойш гурван жил шахмын хугацаа өнгөрч байна. Тодруулбал, 2019 оны есдүгээр сарын 22-нд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан тэдэнд холбогдох хэргийг 2020 оны наймдугаар сарын 28-нд мөр дөн шалгах ажиллагааг нь дуусгаад НПГ-т шил жүүлсэн байдаг. Прокуророос ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн нарт Эрүүгийн хуулийн 22.1-3 дахь хэсэгт заасан “Улс төрд нөлөө бүхий албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашигласан” гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлснээс хойш хурлыг нэг удаа товлосон ч хэлэлцээгүй. Хэрхсэн нь тодорхойгүй өдий хүрлээ. Л.Бямбасүрэнг 2015 оны арваннэгдүгээр сарын 2-ны 134 дүгээр тогтоолоор ИНЕГ-ын даргаар томилсон байдаг бөгөөд Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчин Зам, тээврийн хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч асан, өдгөө Худалдаа, хөгжлийн банкныхны хэргийн яллагдагч Д.Ганбатын туслахаар ажиллаж байсан Л.Отгончимэгт 22.3 сая төгрөгийн орон сууцын дэмжлэг олгох тушаал гаргаж, түүний данс руу 20 сая төгрөг шилжүүлж давуу байдал олгосон хэрэгт буруутгасан. Уг нь салбарын хууль, журамд “ИНЕГ болон түүний харьяа байгууллагад таваас доошгүй жил ажилласан, үндсэн ажилтан байна”, “Урьд өмнө улсаас буюу байгууллагаас орон сууц авсан болон орон сууцын үнийн хөнгөлөлт эдэлсэн бол хөнгөлөлт олгохгүй” гэх заалт бий. Гэтэл Л.Бямбасүрэн тэдгээрийг зөрчиж, Д.Ганбатын туслахаар 2016 оны наймдугаар сараас 2017 оны аравдугаар сар хүртэлх хугацаанд ажилласан дээрх эмэгтэйд орон сууцын үнийн хөнгөлөлт олгох тушаал гаргасан аж. Улмаар Л.Отгончимэг ажлаасаа чөлөөлөгдсөнөөс хойш буюу 2017 оны арваннэг дүгээр сард Худалдаа, хөгжлийн банкны дансанд нь 20 сая 70 мянган төгрөг шилжүүлж давуу байдал олгосон гэж буруутгагдсан.
Зөвхөн дээрх эмэгтэйгээр тогтохгүй, “Ковид”-ын хуулиар ИНЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр томилогдон ажиллаж байсан, Л.Бямбасүрэн нарт холбогдох хэргийг шалгах үед ЗТХЯ-ны Агаарын тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн даргаар ажиллаж байсан С.Мөнхнасанд бас давуу байдал олгосон гэж буруутгасан билээ. Тодруулбал, С.Мөнхнасан 2007 онд 20 сая төгрөгийн орон сууцын дэмжлэг авч байж. Гэтэл хууль, журмаа зөрчин 10 жилийн дараа буюу 2017 оны арванхоёрдугаар сард дахин 10 сая төгрөг шилжүүлэх тушаал Л.Бямбасүрэн гаргаж, 2018 оны нэгдүгээр сард есөн саяыг нь олгож давуу байдал бий болгосон хэмээн яллагдагчаар татсан юм.
Уг нь Л.Бямбасүрэнг яллагдагчаар татаад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх нөхцөлийг хангах зорилгоор төрийн албанд буюу ИНЕГ-ын дар гаар ажиллах эрхийг нь тодорхой хугацаагаар, өөрөөр хэлбэл, уг хэргийг шүүхээр хянан шийдвэрлэж дуустал түдгэлзүүлэх, улсын хилээр гарах, ЗТХЯ, ИНЕГ-ын албан тушаалтнуудтай уулзуулахгүй байх хязгаарлалт тогтоох арга хэмжээ авах санал НПГ-аас тухайн үед Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлж байсан ч шүүхийнхэн прокурорын саналыг хэрэгсэхгүй болгосон удаатай.
ЗАСАГ ДАРГА НАРЫН ГЭМ БУРУУТАЙ, ЭСЭХИЙГ ТОГТООЛГҮЙ ЗАМХРУУЛСААР БАЙНА
Албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал олгосон, хахууль авсан хэрэгт цөөнгүй аймгийн удирдлагыг шалгасан ч шүүхээр шийдвэрлэлгүй дарагдуулж байна. Магадгүй энэ нь орон нутгийн шүүхүүд Засаг болон ИТХ-ын даргатайгаа ойр дотно харилцаж, “танилын нүүр халуун” учраас хариуцлага тооцож ч чадахгүй байдагтай холбоотой болов уу. Хэрэгт холбогдсон зарим албан тушаалтны хилээр гарах эрхийг хязгаарлах захирамж ч орон нутгийн шүүх батлахгүй байсаар дарагдуулсан жишээ цөөнгүй.
АТГ-ын мөрдөн шалгасан Ховд аймгийн удирдлагатай холбоотой хэргийг тус аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн ч эцэслэн шийдвэрлээгүй байна. Эл хэрэг нь УИХ-ын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт, Засаг дарга асан Д.Галсандондог нарыг тусгаарлан, ХЗЯ, УЕПГ ын Тамгын газрын дарга зэрэг өндөр албан тушаал хашиж байсан Б.Үнэнбат, “Бэлон” ХХК ийн захирал Р.Баатархүү, Ховд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, тэргүүтэй 30 хүнд холбогдох хэргээс өөр үйлдэл.
Дээрх 30 яллагдагчийн нэг, ИТХ-ын дарга асан Б.Баярсайхан, Засаг дарга асан Д.Цэвээн равдан, тус аймгийн Аудитын газрын дарга асан Л.Галбадрах нарын эзэмшилд 2016 оны долдугаар сард ИТХ-ын тэргүүлэгчдийн тогтоолоор орон нутгийн өмчлөлд байсан орон сууцуудыг шилжүүлсэн хэрэгт эл гурван хүн холбогдсон аж. Уг хэргийг 2019 оны дөрөвдүгээр сараас шалгаж эхэлсэн бөгөөд 2021 оны арваннэгдүгээр сард шүүхэд шилжүүлсэн ч хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой гомдол гаргаснаар өнөөг хүртэл шийдвэрлээгүй байгаа юм.
Сэлэнгэ аймгийн Засаг дарга асан Ш.Оргил, Цагдаагийн газрын дарга асан, хурандаа А.Энх бат, Мэргэжлийн хяналтын газрын дарга, аймгийн ИТХ-ын төлөөлөгч Ж.Отгонхүү тэргүүтэй хүмүүсийг бусдад давуу байдал бүрдүүлж, хураасан дэрвэгэр жиргэрүүг “Эко петролиум” компанид олгосон хэрэгт яллагдагчаар татсан. Бас Сэлэнгэ аймгийн Алтанбулагийн боомтод зам барьж байсан НКВ компанийн туслан гүйцэтгэгч “Баянцагаан” гэх ХХК-ийнхны үйл ажиллагааг зогсоож, 10 сая төгрөг өгөхийг шаардаж хахууль авсан хэрэгт Ш.Оргилыг яллагдагчаар тооцоод байгаа. Гэвч өнөөг хүртэл хэргийг шийдэхгүй байгаагаар барахгүй, Засгийн газрын тэргүүний үг, үйлдэл нь зөрж, “Шүүр” ажиллагаанд өртөх ёстой хүнээ дэвшүүлж, БНХАУ ын ӨМӨЗО-ы Хөх хотод суух ерөнхий консулаар уржигдар томилчихоод байна. Үнэхээр төрийн албанд томилох гэж байгаа бол шүүхээр гэм буруутай, эсэхийг нь дэнслүүлсний дараа шийдвэр гаргах ёстой санагдана.
Баянхонгор аймгийг 2016-2020 онд удирдсан ИТХ-ын дарга Ц.Отгонбаяр, Засаг дарга Г.Батжаргал тэргүүтэй зургаан хүнд холбогдох, албан тушаалаа урвуулан ашигласан гэх хэргийг Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцааснаас хойш мөн л замхрав. Баянхонгорын ИТХ-ын даргаар ажиллаж байгаад өдгөө төлөөлөгч болсон Ц.Отгонбаяр, Засаг дарга байсан Г.Батжаргал нар “Эко грийн ланд” ХХК-ийн захирал З.Эвлэгсайханаас 2017 оны зургадугаар сарын 21-нд 100 сая төгрөгийн хахууль авсан хэмээн яллагдагчаар татсан юм. Уг нь АТГ-ынхан шүүх, прокурорын даалгасан нэмэлт ажиллагааг хийж дуусгасан ч өдгөө хэрхсэн нь тодорхойгүй болсон.
Архангай аймгийн Засаг дарга асан Ц.Мөнх насан, ИТХ-ын дарга Б.Өсөхбаяр нарт холбогдох хэргийг ч Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр буцааснаас хойш сураг алдрав. Өдгөө аймгийнхаа ИТХ-ын төлөөлөгчөөр сууж буй дээрх хоёр хүн 2018 оны дөрөвдүгээр сарын 19-нд Архангай аймгийн Цэнхэр сумын нутаг, Шоронгийн ам гэх газарт таван га талбайгаас ашигт малтмал олборлох зөвшөөрөл “Тунгалаг тамир-Ар” нөхөрлөлд олгосон. Ингэхдээ ИТХ нь хуралдаагүй байхад хурал хийсэн мэтээр тогтоол гаргасан нь шалгалтаар тогтоогдсон байдаг. Мөн Архангай аймгийн Засаг дарга асан Ц.Мөнхнасан 2019 оны наймдугаар сарын 26 27-нд шилжих шөнө ХААИС-ийн Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал Т.Батсүхийг зодож гэмтэл учруулсан хэрэгт яллагдагчаар татагдаад байсан юм. Аймгийн Засаг дарга нараас гадна сумуудын удирдлагын хуудуутай үйлдлийг ч АТГ-ынхан шалгаад шүүхээр шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн ч хэрхсэн нь тодорхойгүй болсон тохиолдол нэг бус. Тухайлбал, Увс аймгийн Давст сумын Засаг дарга асан Ч.Тогтохбаяр, түүний орлогч асан Д.Ариунаа нарын хэргийг Увс аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2021 оны сүүлчээр шилжүүлсэн ч тус шүүхийнхэн дарагдуулаад байна. Уг албан тушаалтнууд 2019 онд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль зөрчин тус сумд барьж буй Хандгайт боомтыг цахилгаан дамжуулах сүлжээнд холбох 71.5 сая төгрөгийн өртөгтэй тендерийг будилаантуулсан хэрэгт холбогдсон аж.
Өөр нэг сумын Засаг даргын хэргийг энд эш татъя. Төв аймгийн Заамар сумын Засаг дарга асан Б.Самбууг АТГ-ынхан 2019 оны дөрөвдүгээр сард шалгаж эхэлсэн байдаг. Тэр бээр албан тушаалаа урвуулж, байгалийн унаган төрх, түүх соёлын дурсгалыг хамгаалах үүргээ биелүүлэлгүй “Заамар хаан” ХХК, “Хайлаастынхан”, “Өгөөж хайрхан”, “Баян нутаг” нөхөрлөлтэй ашигт малтмал олборлох гэрээ байгуулж, экологид нийт 134.8 сая төгрөгийн хохирол учруулсан хэрэгт яллагдагчаар татагдсан юм. Уг хэргийг 2022 оны есдүгээр сард Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн ч хагас жил гаруйн хугацаа өнгөрөхөд шийдвэрлээгүй л байна.
ДУНД ШАТНЫ АЛБАН ТУШААЛТНУУДЫН ХУУДУУТАЙ ҮЙЛДЛҮҮДИЙГ ХЭЗЭЭ ШИЙДВЭРЛЭХ ВЭ
Шүүх эцэслэн шийдвэрлэж чадаагүй найм дахь оныхоо нүүрийг үзэж буй эрүүгийн хэрэг ч байна. Гаалийн ерөнхий газрын Төрийн захиргаа, хамтын ажиллагааны газрын дарга асан Б.Оюундэлгэр нарт холбогдох хэргийг анх АТГ-ынхан 2015 оны арваннэгдүгээр сараас шалгаж эхэлсэн байдаг. Таван жил шахмын дараа буюу 2020 оны есдүгээр сард яллах дүгнэлт үйлдүүлж, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шил жүүлснээс хойш өнөөг хүртэл шүүх эцэслэн шийдвэрлэсэнгүй. Уг нь тухайн үед мөрдөж байсан Гаалийн ерөнхий газрын дүрмийн 4.8-д хэн нэгнийг албан тушаалд томилохдоо ГЕГ ын Захиргааны зөвлөлийн хурлаар хэлэлцэн шийдвэрлэх ёстой байсан ч түүнийгээ хэрэгжүүлээгүй аж. Улмаар Өмнөговь аймгийн Шивээхүрэн дэх Гаалийн газрын улсын ахлах байцаагч Г.Эрдэнэбаатарыг Замын-Үүдэд гаалийн улсын байцаагчаар шилжүүлэн томилох, Улаанбаатар хот дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагч П.Дариймааг Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газрын гаалийн улсын байцаагчаар шилжүүлэн томилох, Буянт Ухаа дахь Гаалийн газрын улсын байцаагч Ц.Батбилэгийг Улаанбаатар дахь Гаалийн газрын улсын байцаагчаар шилжүүлэн томилох тушаал гаргуулсны хариуд Б.Оюундэлгэр 2015 оны наймдугаар сарын 11-нд Ж.Баттогтох, Л.Оргилмаа нараар дамжуулан Г.Эрдэнэбаатараас нэг сая, 2016 оны долдугаар сарын 29-нд Ц.Батбилэгээс 500 000 төгрөгийн хахууль авсан гэх хэрэгт холбогдсон юм. Дээрх шүүх хамгийн сүүлд энэ сарын 13-нд хэргийг нь хэлэлцэхээр товлосон ч тавдугаар сарын 1-нийг хүртэл хурлыг хойшлуулаад байгаа юм.
Баянзүрх дүүргийн 129 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч Ө.Алдармаа хүүхдээ цэцэрлэгт өгөх гэсэн эцэг эхчүүдээс 800 000-1 000 000 төгрөгийн хахууль авч элсүүлж байсан гэх хэргийг тус дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шийдвэрлэж чадалгүй өнөөг хүрч байна. 2018 оны нэгдүгээр сард анх шалгаж эхэлсэн эл хэргийг 2021 оны есдүгээр сард шүүхэд шил жүүлсэн юм.
Мөн эл дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн даргаар ажиллаж байсан Ж.Отгонцэцэг, нягт лан бодогч асан Б.Үүрцайх, УИХ-ын Тамгын газрын референт, “Өү Ти Юү” ХХК-ийг үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч байсан Р.Болормаа нар ахуйн үйлчилгээний цэг байгуулах 1.3 тэрбум, сургалтын төв байгуулах 150 сая төгрөгийг завшиж үрэгдүүлсэн хэрэгт холбогдсон бөгөөд өдгөө хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой маргааны улмаас эцэслэн шийдвэрлэсэнгүй дарагдлаа.
Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророор ажиллаж байсан Б.Уранчимэг 2013 онд нээсэн эрүүгийн нэгэн хэргийг 2015 онд хүлээн авсан боловч таван жилийн хугацаанд дарагдуулж шийдвэр гаргаагүй үйлдэлд холбогдсон юм. 2019 онд түүнийг анх шалгаж, 2021 онд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр гэм буруутай, эсэхийг нь дэнслүүлэхээр шилжүүлсэн ч өнөөг хүртэл шийдвэрлээгүй сураг алдраад буй аж.
Энэ мэтээр орон нутаг дахь төрийн захиргаа, хууль хяналт, боловсролын байгууллагын албан хаагчидтай холбоотой, олон нийтийн үздэгээр “жараахай”-нуудын холбогдсон олон хэргийг шүүх шийдвэрлээгүй байгаа бөгөөд үүний ард татвар төлөгч жирийн иргэдэд л хохирол учирсаар буй билээ.