Прокуророос шүүгдэгч Б-г 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Б аймгийн Б сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах "Б” худалдааны төвийн гаднаас үл таних хүнээс ховор амьтны жагсаалтад бүртгэгдсэн 2 ширхэг алтайн хойлог шувуу /эр, эм хүйс/ худалдан авч, түүнийг 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл Б аймгийн Г сумын 1 дүгээр багийн Баянхошуу .. тоот хаягт хадгалсан гэж "Хууль бусаар ан агнах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн.
Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 2-т заасан ... амьтны аймагт учирсан хохирлыг тухайн амьтны экологи–эдийн засгийн үнэлгээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр... гэж хуульчилсан бөгөөд тухайн амьтны экологи–эдийн засгийн үнэлгээгээр хохирлыг тооцож нөхөн төлүүлдэг бөгөөд 1953 оноос уг шувууг агнахыг хуулиар хориглосон, тухайн Алтайн хойлог шувуу ховордсон, тоо толгой цөөрч байгаа, тархац нутгийн ихэнхийг улсын тусгай хамгаалалттай газар нутгуудад хамруулж хамгаалсан тул алтайн хойлог шувууг эмчилгээ сувилгаанд махыг хэрэглэх зорилгоор хулгайгаар агнах, худалдаж авах, хадгалах, тээвэрлэх тохиолдолд гэмт хэрэгт тооцно.
Монгол Улсын Засгийн газрын 2012 онд 01 дүгээр сарын 11-ны өдрийн 07 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар Ховор амьтны жагсаалтад ...Алтайн хойлог-Tetraogallus altaicus / Gebler 1836/ багтсан, Монгол Улсын улаан номын /2016 он/ ховор шувуунд орсон ба Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 23 дугаар тогтоолын 1-р хавсралтын Ан-амьтны экологи-эдийн засгийн үнэлгээ жагсаалтад Алтайн хойлог эр, эм хүйс хамаарахгүйгээр нэг толгойд 130.000 төгрөгөөр үнэлэгддэг байна.
Шүүхээс Б-ын дээрх үйлдлийг Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг буюу Эрүүгийн хуульд заасан тусгай зөвшөөрөлгүйгээр ховор амьтныг худалдан авсан, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 6.000,000 төгрөгөөр торгох ял шийтгэв.
Харин гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох алтайн хойлог шувуу нэг бүрийн экологи-эдийн засгийн үнэлгээ нь 130000 төгрөг нийт 260000 төгрөгөөр үнэлэгдсэн ба амьтны аймагт учирсан хохирлыг тухайн амьтны экологи–эдийн засгийн үнэлгээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу 520000 төгрөгөөр тооцож, шүүгдэгч Б нь Байгаль орчин, уур амьсгалын санд 520000 төгрөгийг тушааж, хохирол бүрэн төлөгдсөн болно.