Монголд хүчний спортоос пауэрлифтингээр хичээллэж, богино хугацаанд амжилт гаргасан тамирчин цөөнгүй бий. Тэдний нэг нь МУБИС- ийн Биеийн тамирын сургуулийн IV курсийн оюутан Д.Сумъяабазар. Тэрбээр энэ спорттой гурван жил нөхөрлөж, дотооддоо зохион байгуулсан томоохон тэмцээнүүдэд сургуулиа төлөөлж өрсөлддөг болжээ. Тухайлбал, 2019 онд болсон пауэрлифтингийн АШТ-д хэвтээ шахалтын төрөлд мөнгө, таталтын төрөлд хүрэл медаль хүртэж спортынхоо гарааг эхлүүлж байв. Тэгвэл 2021 онд мөн хэвтээ шахалт, таталтын төрөлд аваргын төлөө өрсөлдөхдөө тус бүр удаалж, нийлбэр дүнгээр хүрэл медаль зүүсэн юм. Түүнийг “Шинэ танил” буланд онцоллоо.
-Хүчний спортоор хичээллэх амаргүй гээд залуусын зарим нь өөр төрөл сонгодог. Таныг пауэрлифтингтэй нөхөрлөхийг хэн нэгэн ятгаж, санал болгов уу?
-Би МУБИС-ийн Биеийн тамирын сургуульд багш дасгалжуулагч мэргэжлээр суралцдаг. Энэ хавар сургуулиа төгсөнө. Миний хувьд бие бялдраа өв тэгш, зөв хөгжүүлэх зорилгоор пауэрлифтингийн спортыг сонирхож, хичээллээд гурван жил болж байгаа. Амжилт гаргасан тамирчдаас Хэнтий аймгийн “Хадун” фитнес клубийн захирал Б.Саранхүү ахын өөртөө итгэлтэй зан, олны дунд биеэ авч яваа байдал, хүмүүстэй эелдэг харилцдагаас нь үлгэр дуурайл авдаг. Түүнийг анх хараад ур чадвараар нь бахархаж, хүчний спортод хөл тавьсан.
-Туршлагатай, ур чадвартай шилдэг тамирчидтай өрсөлдөгч болоод тэмцээнд оролцох үед ямар бодол төрдөг вэ?
-Миний үеийн залуус өнөө цагт боловсрол, мэдлэгтээ анхаарал хандуулж, спортоор биеэ өв тэгш хөгжүүлдэг болсон. Надаас түрүүлж хичээллээд улс, тивийн тэмцээнээс медаль хүртсэн тэднийг хараад эхэндээ эмээж, сандардаг байлаа. Гурван жилийн өмнөх тэр үеийг бодвол ур чадвар минь ахисан. Амжилт гаргаснаа бэлтгэл сургуулилалтаа тууштай хийсний үр дүн гэж боддог. МУБИС-ийн Биеийн тамирын сургуулиас зохион байгуулсан пауэрлифтингийн АШТ-д олон тамирчин оролцдог. Би 2019 онд сургуулиа төлөөлж оролцохдоо хэвтээ шахалтын төрөлд мөнгө, таталтынхад хүрэл медаль хүртчихээд их баярласан. Шагналаасаа урам авч, найз нөхөд, багш нарынхаа зөвлөснөөр шаргуу хичээллэх болсон юм.
-Таныг тэр тэмцээнээс хойш хоёр жилийн дараа оролцохдоо аваргын төлөө өрсөлдсөнийг саналаа.
-Пауэрлифтингийн АШТ 2021 онд зохион байгуулахад хэвтээ шахалт, таталтын төрөлд тус бүр удаалж, нийлбэр дүнгээр хүрэл медаль гардсан. Манай сургууль мэргэжлийн тамирчин, дасгалжуулагч бэлтгэдэг болохоор спортын байгууллага, холбоодын зохион байгуулсан тэмцээнд хүчтэй өрсөлдөгч болдог. Пауэрлифтингийн спорт гурван төрөлтэй. Тамирчид төрөл бүрт оролцож, нийлбэр дүнгээр байр эзэлдэг юм. Би аваргын төлөө цөөнгүй шалгарч, таталт, хэвтээ шахалтын төрөлд медалийнхаа дийлэнхийг нь хүртсэн. Нийгмийн ухааны сургуулийн тамирчинтай алтан медалийн төлөө хоёр ч удаа өрсөлдөж, II байрт шалгарч байлаа. Тэрбээр надаас өмнө хичээллэсэн тул туршлагаар илүү нь анзаарагдсан. Түүнийг дараагийн тэмцээнд ялж, түрүүлнэ гэж өөртөө амласан. Тиймээс зорилго тавиад бэлтгэлээ базааж байна. Гэрийнхнээсээ спортоор хичээллэдэг нь одоогоор би. Манайхан намайг дэмжиж, бүх талаар тусалдаг болсон шүү.
-Тантай нэр нэгтэй тамирчид бөхийн төрөлд амжилт гаргаж байгаа. Тэдний барилдааныг сонирхож үздэг биз?
-Монголд Сумъяабазар нэртэй тамирчин цөөнгүй байдаг. Надтай нэр нэгтэй тамирчид спортод амжилт хэрхэн гаргасныг сонирхож судлах дуртай. Тухайлбал, жүдогийн 60 кг-ын жинд хүч сорьдог “Женко” клубийн тамирчин, “Улаанбаатар-2022” их дуулга тэмцээний хүрэл медальт, ОУХМ Э.Сумъяабазар байна. Мөн чөлөөт бөхийн 74 кг-д зодоглодог, “Хангарьд” спорт клубийн тамирчин, улсын хошой аварга, өсвөр үеийн ДАШТ-ий мөнгө, Азийн АШТ-ий хүрэл медальт З.Сумъяабазарын дайчин, шийдэмгий, эрч хүчтэй барилдааныг хардаг.
-Сургуулиа төгсөөд дасгалжуулагчаар ажиллах уу?
-Тийм ээ, би сонгосон мэргэжилдээ дуртай. Тамирчдад бэртэл, гэмтэл өрсөлдөгчөөс нь илүү дайсан болдог тул мэргэжлийн дасгалжуулагч зайлшгүй хэрэгтэй. Ямар ч спортын төрлөөр хичээллэсэн дасгалжуулагч багшийн удирдлагад бэлтгэл сургуулилалтыг техникийн дагуу зөв хийх ёстой. Хүчний спортын төрөлд өрсөлддөг тамирчид тэмцээнд оролцохдоо биеэ зөв хамгаалж, бугуй, өвдөгний хамгаалалтын бүс заавал зүүх шаардлагатай.
-Таны хувьд хичээлээ хийх, шалтгалтдаа бэлдэх, бэлтгэлээ базаах гээд цаг хугацаа хурдан өнгөрдөг бололтой.
-Сургуулийнхаа зааланд бэлтгэл хийж өнждөг надад чөлөөт цаг бага гардаг. Би Говь-Алтай аймгийнх. Хүүхэд байхдаа волейболоор хичээллэж, аймаг, сургуулийнхаа тэмцээнд оролцдог байлаа. Зав гарвал волейболын лигийн тэмцээн үзэж, эрэгтэйчүүдийн багаас “Ноён” клубийнхнийг дэмждэг. Тэмцээний товлосон хугацаа дөхсөн үед хичээлдээ гүйх, шалтгалтдаа бэлдэх, бэлтгэлээ хийх гээд завгүй болдог юм. Залуу хүний хувьд бүх зүйлээ төлөвлөж, цаг хугацаанд нь амжуулахыг хичээж байна.