“Дорнод” бүсийг амжилтаараа тэргүүлсэн “Милуоки”-г “Майами хит” баг өчигдөр 119:114-өөр хожиж, цувралыг 3:1-ийн харьцаатай тэргүүлж эхэллээ. Гэмтсэний улмаас сүүлийн хоёр тоглолтыг өнжөөд байсан “Бакс”-ын лидер Я.Антетокунмпо талбайдаа эргэн ирж, трипл-дабл (26 оноо+10 самбар+13 дамжуулалт) хийсэн бөгөөд баг нь тоглолтын турш оноогоор илүү явсан. Гэвч шийдвэрлэх IV үед “Хит”-ийн Ж.Батлерын довтолгоонууд ээлж дараалан амжилттай болсноор багтаа ялалт авчирчээ. Тэрбээр багаа тэргүүлэн 56 оноо авсан нь түүний хувийн дээд амжилтаас гадна “Хит”-ийн рекорд юм. Түүнчлэн NBA-ийн плей-оффын түүхэнд дөрөвдүгээрт орох өндөр үзүүлэлт аж. Тэрбээр эл үзүүлэлтээр Ч.Баркли, У.Чэмбэрлэн, М.Жордантай тэнцсэн агаад түүний өмнө плей-оффт 63 оноо авсан М.Жордан, Э.Бэйлор (61 оноо), Д.Митчелл (57) нар бичигддэг. Ж.Батлер тоглолтын дараа “Энэ ордноос гадна буй хүмүүс, манай тоглогчид, манай багаас бусад хүн бидэнд огт итгээгүй. Гэсэнч “Бакс”-ыг хожиж чадна гэдгээ бид мэдэж байсан. Мэддэг зүйлээ, хийж чадах зүйлээ бид үргэлжлүүлэн хийсээр байна” гэж ярьжээ. Түүнчлэн өчигдөр “Лейкерс” бүсийнхээ хоёрт бичигдсэн “Мемфис”-ийг нэмэлт цагт 117:111-ийн харьцаатай яллаа. Л.Жэймс багаа тэргүүлэн 22 оноо авч, долоон дамжуулалт өгч, 20 удаа самбараас бөмбөг авсан байна.