Индонез улсад ирэх жил болох, Азийн хөлбөмбөгийн холбооны эмэгтэйчүүдийн 17 хүртэлх насныхны цомын аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны B хэсгийн тоглолт Улаанбаатар хотод үргэлжилж байна. Энэ сарын 28-нд өндөрлөх тэмцээнд манай шигшээгийнхэн өчигдөр тоглолтын салхи хагалж, Австралийн багийнхантай өрсөлдөж, хожигдлоо. Тэгвэл маргааш Тайванийн тоглогчидтой өрсөлдөнө. Ирэх баасан гарагт Австрали, Тайванийн багийнхан тоглосноор аваргаа тодруулах юм. Хөлбөмбөгтэй холбоотой өөр нэгэн мэдээ дуулгахад, Монголын хөлбөмбөгийн холбооноос энэ сарын 10-23-нд зохион байгуулсан грассрүүтс цомын тэмцээнд 10-12 насныхны 95 багийн 1400 гаруй тамирчин оролцжээ. Тэднээс 12 хүртэлх насныхны ангилалд Жак Конгариус дасгалжуулагчтай “Дэрэн” клубийнхэн тоглолтыг хошуучилж, хоёр дахь удаагаа аварга болов. Энэ удаа М.Сэргэлэн дасгалжуулагчтай Орхон аймгийнхан удаалж, Игорь Ловцов дасгалжуулагчтай “Эрчим” клубийнхэн хүрэл медаль хүртсэн байна.