Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор Японы Жайка байгууллагатай хамтран “Монгол Улс дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тогтолцоог бэхжүүлэх төсөл”-ийг 2021 оноос хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байранд дадлагажуулах тогтолцоог бүрдүүлэх, аж ахуй нэгж байгууллагад нөлөөлөх хүний нөөцийг бэлтгэх, чадавхжуулах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжин ажилладаг байгууллагуудын сүлжээг бий болгохоор ажиллаж байна.
Аж ахуй нэгж байгууллагад нөлөөлөх 19 хүний нөөцийн мэргэжилтнийг 2022 онд бэлтгэсэн бол хоёр дахь шатны сургалтыг 2023 оны дөрөвдүгээр сарын 20-ноос 21-ний өдрүүдэд зохион байгуулж, төр, төрийн бус байгууллагын төлөөлөл бүхий 18 хүнийг бэлтгэлээ. Бэлтгэгдсэн хүний нөөцийн мэргэжилтнүүд ажил олгогчийн хөгжлийн бэрхшээлийн талаарх мэдлэг ойлголтыг нэмэгдүүлж, эерэг хандлагыг төлөвшүүлэх, хууль эрх зүйн хүрээнд олгогдох дэмжлэг, урамшууллын талаарх мэдээллийг өгч хамтран ажиллах чиг үүрэгтэй юм.
Сургалтыг хөгжлийн бэрхшээлийн талаарх олон нийтийн ойлголтыг нийгмийн загвар талаас нь өөрчлөх, ажилд орох, хайх болон ажлын байран дээр тулгамддаг асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх зэрэг агуулгаар Японы Мираиро компанийн багш нар удирдан лекц дадлага хосолсон хэлбэрээр зохион байгууллаа.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хүн амын хөгжлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга С.Тунгалагтамир, төслийн ахлах зөвлөх Чиба Хисао нар сургалтад оролцогчдод хандан амжилт хүсэж, гэрчилгээг гардууллаа.