Гэрэл зургийг Д.НЯМБИЛЭГ
“Алдар” спорт хороо, “Аваргууд” академийн тамирчин Чинболдын Отгонтуяа хэмээх шавилхан охин сүүлийн үед чөлөөт бөхийн дэвжээнд дайчин, шийдэмгий барилдаанаараа цахиур хагалж байгаа. Тэрбээр Казахстаны Астана хотод энэ сарын 9-14-нд зохион байгуулсан чөлөөт бөх, сонгомол барилдааны Азийн АШТ-д анх удаа хүч сорьж мөнгөн медаль хүртсэн юм. Одоогоос гурван жилийн өмнө Дорноговь аймгийн Сайхан дулаан сумаас Улаанбаатарт ҮБДС-ийн оюутан болохоор хөл тавьж, Гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаяр, Гавьяат тамирчин Б.Одончимэг нарын удирдлагад бэлтгэл базааж эхэлжээ. Өдгөө ДАШТ-ий хүрэл (2005), мөнгөн (2007) медальт Гавьяат тамирчин Б.Наранбаатар, Ц.Цогтбаатар, ОУХМ Н.Лхамгармаа нарын удирдлагад үргэлжлүүлэн хичээллэж, дотоод, гадаадын тэмцээнээс медаль хүртэх болсон түүнтэй ярилцлаа.
-Астана хотоос мөнгөн медальтай ирснийхээ маргааш бэлтгэлээ хийж эхэлсэн гэл үү. Өнгөрсөн амралтын өдөр болсон оюутны УАШТ-д түрүүлж аварга боллоо. Та энэ жил медалийн хур буулгаж байна шүү.
-Азийн АШТ-ээс хэдхэн хоногийн дараа чөлөөт бөхийн оюутны УАШТ эхлэх байсан тул амралгүй бэлтгэлдээ шаргуу орсон. Би ҮБТДС-ийн III курсийн оюутан. Тамирчны хувьд сургуулийнхаа нэр хүндийг өргөн амжилттай оролцож, медаль хүртэхийг зорьсон юм. Ямарч тэмцээн өрсөлдөөнтэй болдог. Миний жинд зодоглодог өрсөлдөгч олон. Тиймээс ур чадварыг нь басаж болохгүй. Өнгөрсөн амралтын өдөр зохион байгуулсан оюутны УАШТ-ий 53 кг-ын жинд аваргын төлөө Баянхонгор аймгийн тамирчин М.Пүрэвтунгалагтай таарсан. Тэрбээр энэ удаа надтай барилдсан бөхчүүдээс хамгийн хүчтэй өрсөлдөгч байлаа. Түүнийг мушгиа (мушгих) мэхээр цэвэр ялж, алтан медаль хүртлээ. Манай сургууль оюутнуудаа тэмцээнд сайн дэмждэг. Сургуулийн удирдлага, багш нар, ангийн нөхөд минь намайг Азийн АШТ-ээс мөнгөн медальтай ирэхэд сэтгэл өндөр угтаж авсан. Сая аварга болоход баяр хүргэж, урам хайрлалаа. Би өнгөрсөн өвөл ОХУ-д болсон Иван Ярыгины нэрэмжит гранпри тэмцээний эхний тойрогт Монголынхоо тамирчдаас Б.Энхцэцэгтэй таарч 4:2-оор ялагдсан юм. Тэртэмцээний дараа түүнтэй насанд хүрэгчдийн УАШТ-д аваргын төлөө барилдаж, ялаад Казахстаныг зорих эрх авч байлаа.
-Тивийн АШТ-ий өмнө манайхан Казахстанд хамтарсан бэлтгэл 14 хоног хийсэн. Та тамирчдынх нь барилдах арга барил, техник, мэхийг нь багагүй судалсан биз?
-Астанад хийсэн хамтарсан бэлтгэлийн үеэр өрсөлдөгчдийнхөө сэтгэл зүйн байдал, зан чанарыг нь ажиглан харж, багагүй судалсан юм. Тэдний олонх нь барилдахдаа шиддэг юм билээ. Улс нь тамирчдаа дэмжиж, бүх зүйлээр хангадаг болохоор зөвхөн бэлтгэл, тэмцээнд анхаарал хандуулдаг нь анзаарагдсан. Бэлтгэлийн үеэр заримтай нь найз болж, мэдээлэл солилцож байгаа. Тэндхийн хоол хүнс нэг хэвийн байсан тул монгол, тэр дундаа ээжийнхээ гарын хоолыг их санасан шүү. Сугалаанд таарсан бөхчүүдийн барилдааны бичлэгийг багштайгаа хамт үзэж, зөвлөлдсөний ачаар амжилт гаргалаа.
-Тэмцээний өмнөх өдөр дэвжээнд хэнтэй ч таарсан ялна гэсэн зорилго өөртөө тавьсан уу?
-Эхний тойрогт Вьетнамын бөх Нгуен ТиМай Трангтай барилдах байсан ч дэвжээнд гарч ирээгүй тул надад ялалтыг өгсөн юм. Дараагийнхад нь эзэн орны тамирчин Марина Седневатай хүч үзсэн. Түүнтэй хамтарсан бэлтгэлийн үед цөөнгүй барилдаж, хөлийнх нь ажиллагаа, мэхийг нь судалсан болохоор хожно гэдэгтээ итгэлтэй байв. Ц.Цогтбаяр багш дэвжээнд гарахын өмнө “Биеэ барилгүй, тайван чөлөөтэй барилд. Барилдааны явцад бодож, шийдсэн мэхээ л хийнэ шүү. Хамгийн гол нь өрсөлдөгчөөсөө эмээн бэргэж болохгүй. Аав, ээж тань ямар их баярлах болдоо. Миний шавь хэн гэдгээ одоо харуул, бас хэрхэн барилддагаа үзүүл” гэж зоригжуулсан юм. Багшийнхаа зөвлөснөөр барилдаж, хүчтэй өрсөлдөгчөө нутгийнх нь дэвжээнд 10:0-ээр буулгаж авсан. Миний амжилт багш нарын минь хичээл зүтгэлтэй салшгүй холбоотой. Би Дорноговь аймгийн Сайхан дулаан сумынх. Аймгийнхаа Биеийн тамир, спорт хорооны дасгалжуулагч С.Сайнбаяр, А.Зоригтбаатар багшийн удирдлагад чөлөөт бөхөөр анх хичээллэж, хотод оюутан болж ирснийхээ дараа Гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаяр, Гавьяат тамирчин Б.Одончимэг нарын удирдлагад үргэлжлүүлснээр дотоод, гадаадын томоохон тэмцээнд оролцох болсон.
-Бөх сонирхогчид таныг аваргын төлөө барилдахад “Анх удаа оролцохдоо амаргүй учраатай таарчихлаа. Одоо яах бол” гээд ярилцаж байлаа. Токиогийн олимпын мөнгө, “Будапешт-2018”, “Нур-Султан-2019” ДАШТ-ий хүрэл медальт, өмнөд хөршийн Пан Чянь Юйтай зодоглохын өмнө юу бодогдов?
-Надад “Түүний алдартай нь бус, амжилттай нь барилдах хариуцлагатай барилдаан ирлээ. Тиймээс адилхан ана мана үзнэ” гэх бодол төрсөн. Гэхдээ тэр үед түүнийг олимпын наадмаас мөнгөн медаль хүртсэнийг нь мэдээгүй. Тэрбээр эхэндээ нэг их урагшлахгүй миний барилдааныг судлах зорилготой байгаа нь анзаарагдсан. Барилдааны дунд үед толгойг минь уургалж, дугтрахад нь эргэж гарах гээд хөлөө алдчихсан. Тэгтэл шагайгаар сууж, ардаа гарган намайг 6:2-оор ялж, Азийн аваргаар шалгарсан юм. Хэдий өрсөлдөгч ч гэлээ түүний дайчин, шийдэмгий барилдаан, өөртөө итгэлтэй, зоримог зангаар нь бахархсан. Тэрбээр хүч бяр, туршлагаар надаас хамаагүй илүү байлаа. Багш барилдааны өмнө бичлэгийг нь үзээд “Түүнийг гараа тавихад нь эргээд нэг үз” гэж зөвлөсөн ч би яарч барилдаад хожигдчихсон. Тамирчин хүнийхээ хувьд Төрийн дууллаа эгшиглүүлэхсэн гэж маш их хүссэн. Энэ удаа чадаагүй ч хойшид түрүүлэх зорилго тавиад хичээж байгаа. Манайх сумын төвөөс алсхан газар хаварждаг. Хоёр ах миний барилдааныг үзчихээд надтай хамгийн түрүүнд холбогдож баяр хүргэсэн. Тэндээс ирээд нутагтаа очиж, хэд хоног амаръя гээд бодож байтал оюутны УАШТ залгуулаад боллоо.
-Зарим эцэг, эх охидоо бөхийн спортоор хичээллэхийг таатай хүлээж авдаггүй. Гэрийнхэнтэйгээ хэр зөрчилдөж, спортын талбарт хөл тавьсан бэ?
-Би тамирчин болохын тулд гэрийнхэнтэйгээ багагүй зөрчилдсөн. Нэг өдөр байрныхаа гадаа найзтайгаа тоглож байхдаа барилдаад унагачихав. Тэр үеэс бөхийн спортынхны бэлтгэл хэрхэн хийдгийг сонирхож хармаар санагддаг боллоо. Гэрийнхэндээ хичээлдээ явлаа гэж худлаа хэлж, аймгийнхаа Биеийн тамир, спортын хороонд бэлтгэл нууцаар хийж эхэлсэн. Манайхан нэг өдөр мэдэж хэрэг мандлаа. Ээж “Эмэгтэй хүүхэд бөхөөр хичээллэх дэмий. Бэртэл гэмтэл авна. Чих нь хугарч, гарынх нь хуруунууд моониг болчихдог гэсэн” гээд эхэндээ зөвшөөрсөнгүй. Гэрийнхнийгээ хүлээж авахгүй байсан ч би бэлтгэлээ таслалгүй хийсээр байв. Тэгтэл Налайх дүүрэгт чөлөөт бөхийн цомын аварга шалгаруулах олон улсын тэмцээн болох тухай дуулдав. Ээжид оролцох талаар дурсахад огт дэмжсэнгүй. Гурав хоног уйлсан надад “Чимедаль авбал бөхөөр хичээллэ. Авахгүй бол хичээлдээ анхаарал хандуулна шүү” гэж болзол тавив. Би тэр үед хичээллээд удаагүй тул ганц мэх сурсан байлаа. “Налайх цом” олон улсын тэмцээнд өрсөлдөгчдөө мушгих мэхээр ялж, гэртээ мөнгөн медальтай харьж баярлуулсан.
-Бөхийн спортоор хичээллэх эрхтэй болсон түүх тань мартагдахааргүй сайхан дурсамж үлдээжээ.
-Намайг бөхийн спортоор хичээлэхэд гэрийнхнээс минь гадна ангийн багш дуртай байгаагүй. Тэрбээр “Отгонтуяа, чи бөхөөр хоолоо олж идэхгүйдээ. Хичээлдээ анхаар” гээд их зэмлэдэгсэн. Тэр багш маань Азийн АШТ-ээс мөнгөн медаль хүртсэний дараахан баяр хүргэж, миний цахим хуудсанд “Чамайг бөхөөр хичээллэлээ гэж зэмлэдэг байсанд багшийгаа уучлаарай. Шавь минь сайхан амжилт гаргаж, медаль хүртжээ” гэсэн байв. Түүний бичсэн зүйлийг уншаад “Би дуртай спортоороо тууштай хичээллэж, сайн барилдаж буй юм байна” гэж бодсон шүү. Ангийнхаа нөхдөөс чөлөөт бөхөөр хичээллэсэн нь би. Тамирчин болсноос хойш бэлтгэл, тэмцээн гэж гүйсээр нөхөдтэйгөө уулзах зав бага ховор гарах болсондоо.
-Чөлөөт бөхөөр хичээллэдэг тамирчдын олонх нь бөхийн удамтай байдаг. Та ч бас тэдний нэг үү?
-Ээжийн минь тал бөхийн удамтай. Өвөө минь цэргийн начин цолтой. Амьд сэрүүндээ ах нарыг минь бөх болно гэж ярьдаг байсан гэдэг. Тэдний нэг нь үндэсний бөх, нөгөө нь жүдогоор хичээллэдэг байсан болохоор надад байнга зөвлөдөг юм. Би зааланд ирэхгүй гурав хоновол дэвжээгээ үгүйлээд эхэлнэ. Тиймээс ямарч ажилтай, завгүй байсан бэлтгэлээ таслахгүйг хичээдэг. Гавьяат тамирчин Б.Наранбаатар, Ц.Цогтбаяр, ОУХМ Н.Лхамгармаа багш хөдөлмөрч, тууштай зантай, шавь нарынхаа төлөө гэсэн хичээл зүтгэлтэй. Тамирчдадаа бэлтгэлийн үед чөлөө өгөх тун дургүй. Б.Наранбаатар багш бидэнд “Тамирчин хүн бэлтгэлээсээ чөлөө авч болно, харин амжилтаасаа чөлөө авч хэрхэвч болохгүй” гэдэг. Миний хувьд бэлтгэлээс хааяа нэг чөлөө авсан үед чухал зүйлээс хоцорчихсон мэт санагддаг. Тамирчин хүн нэг өдрийн бэлтгэл тасалбал амжилт гаргах боломжоо ч бас алдана. Би багш нарынхаа зэмлэл, шүүмжлэлийг зөв талаас нь хүлээж авах дуртай. Зөвлөсөн бүх зүйлийг нь амьдралд, барилдаандаа ч хэрэгжүүлэхийг зорьдог.
-Спортын босго өндөр, тэр хэрээр сорих шалгуур нь их. Тамирчин болсноос хойш шантарч халшрах зүйлтэй багагүй тулгарч, спортоо орхих талаар ч бодсон байлгүй.
-Би өсвөр үеийн УАШТ-ий иж бүрэн медальтай. Залуучуудын УАШТ-ий дөрвөн түрүүтэй. Өнгөрсөн жил Монголын бүх ард түмний спартакиадаас алтан медаль хүртэж, оюутны их наадамд аварга боллоо. Тамирчин хүнд амжилт амархан ирдэггүй. Алдаа оноо, уналт, босолт гээд олон зүйлээр сорьдог юм билээ. Аав, ээжийн бие өвдөж, миний амжилт ч нэг хэсэг ахихгүй байх үед болих талаар бодсон удаа цөөнгүй. Тэр хүнд өдрүүдэд хүсэл, мөрөөдөл рүү тэмүүлж, хэрхэн хичээллэхээр хөл тавьсан үеэ эргэн санадаг байлаа. Өөртөө эргэлзэж, буцах үед ах нар минь “Ялагддаггүй тамирчин гэж хаана ч байдаггүй юм. Миний дүү бэлтгэлээ тууштай хий. Амжилт гаргах өдөр ирнэ” гээд сэтгэлийн дэм өгч урагшлуулдаг байв. Тэр үед тусалж, дэмжсэн олон хүний итгэл, найдварыг алдаж болохгүй гэх бодол хамгийн их төрдөг байлаа. Мөн дотоод, гадаадын тэмцээнд намайг ивээн тэтгэж оролцуулдаг “Номт даншиг” компанийн захирал, нутгийн ах Б.Баттулгад маш их баярладаг. Тэрбээр Азийн АШТ-ий үеэр Астанад очихдоо миний барилдааныг сонирхож үзсэн. Намайг унаж, босох үед, ялж, ялагдахад ах наршиг минь дэргэд байж, дэм өгдөг.
-Таныг зорилготой болгож, өдөр бүр хичээх эрч хүч, урам зориг хайрладаг зүйл юу бол?
-Дэвжээ. Надад өдөр бүр дурлаж ирэх урам зориг өгдөг. Би хаана ч явсан аав, эх орныхоо нэрийг өндөрт өргөж явахыг боддог шүү. Ямар ч үед миний талд зогсож, нөмөр нөөлөг болдог ааваараа бахархах дуртай. Чинболдын Отгонтуяа, Монгол гээд зарлуулахад аавтайгаа хамт дэвжээнд гарч байгаа мэт санагддаг юм. Тэр үед өрсөлдөгчөө ялахын тулд өөрт байгаа бүхнээ дайчлан гаргадаг.
-Тэмцээний үед тохиолддог хөгжилтэй дурсамж тамирчдын амьдралд их байх аа.
-Надад ч бас хөгжилтэй дурсамж их бий. ОХУ-ын Уфахотод болсон залуучуудын ДАШТ-д оролцохдоо Т.Энхжинбид хоёр өрсөлдөгчдөө хожигдож, медальгүй хоцорчихоод уйлж билээ. Бид багшийгаа багагүй зовоож, уурлуулсан юм даг. Тэмцээний дараахан багш нэг хартал өнөөх уйлж явсан хоёр нөхөр юу ч болоогүй юм шиг инээчихсэн гүйж явсан гэдэг. Багш тэр үед “Та хоёр ялагдчихаад юундаа маасайтал инээдэг юм” гээд зэмлэж байсан нь одоо ч мартагддаггүй. Тэндээс ирээд барилдааныхаа бичлэгийг үзэж, алдаагаа давтахгүйн тулд дутагдлуудаа засаж эхэлсэн. Би Гавьяат тамирчин П.Орхон эгчээр их бахархдаг. Түүний өрсөлдөгчдөө ялсан сонирхолтой барилдаанууд намайг тууштай хичээллэж, амжилт гаргахад багагүй нөлөөлсөн. Зургийг нь цахим хуудас, гар утасныхаа дэлгэцэд тавьж, нэг хэсэг гангардаг байлаа. Тэрбээр 2016 онд болсон Иван Ярыгины нэрэмжит гранпри тэмцээнд чөлөөт бөхийн дэвжээнд нэг ч ялагдаагүй, олимпын дөрөв, дэлхийн 10 удаагийн аварга, Японы алдарт бөх Каори Ичог буулган авч, ялалтын цувралыг нь зогсоон шуугиулж байлаа. Түүний тэр барилдааныг үзэх бүртээ бахархаж, огшдог юм. Бид ойр дотно нөхөрлөдөг. Сая Астанагаас хамтдаа мөнгөн медальтай ирлээ. Гадаадын тамирчдаас Азербайжаны алдарт тамирчин Мария Стадникийн урчадварыг биширдэг. Түүний давхар хамах мэх үнэхээр ганган шүү дээ.