Грек улсын Родес хотод 10 хоног үргэлжилсэн, шатрын сурагчдын ДАШТ өчигдөр өндөрлөлөө. Тус тэмцээнд 53 орны 530 гаруй тамирчин өрсөлдсөн юм. Олон улсын шатрын холбооны шүүгч Э.Номингоор ахлуулсан таван дасгалжуулагчийн удирдлагад манай шатарчид охид, хөвгүүдийн нийт 12 ангилалд оюунаа сорив. Шатрын ямар ч тэмцээнд ганзага дүүрэн оролцдог манай тамирчдаас зургаа нь медаль хүртэж, амжилтын буухиаг үргэлжлүүлсэн юм. Тэднээс долоон насныхны ангилалд их мастер Б.Хатанбаатарын шавь, “Их мастер” академийн тамирчин Ц.Гэрэлт-Оюу, 11 настнуудаас Дэлхийн шатрын холбооны мастер Г.Мөнхбаярын шавь, “Стейниц” академийн шатарчин Б.Буянхишиг нар нэг ч хожигдолгүй түрүүлж, дэлхийн аварга боллоо. Тэгвэл есөн насныхнаас И.Цэлмүүн (“Босоо ноён” клуб), 13 настнуудаас Г.Урангоо (“Мончесс” академи), хөвгүүдээс Г.Тэнгүүндалай (“Босоо ноён”) нар мөнгөн медаль хүртсэн байна. Тус насныхнаас хүрэл медаль хүртсэн ганц тамирчин нь Н.Содгэрэлт (“Гэгээн арвай”) юм.
Ц.Гэрэлт-Оюу
Б.Буянхишиг