ЗТХ-ийн сайдын тушаалын дагуу “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ-аас тээврийн хэрэгслийн шинэчилсэн бүртгэл, үзлэг, тооллогыг зохион байгуулж байгаа аж. Орон нутгийн хэмжээнд 130 236 тээврийн хэрэгслийг шинэчилсэн бүртгэлд хамруулах ёстой гэнэ. Энэ сарын 19-ний байдлаар 11 146-г нь буюу 8.6 хувийг нь хамруулсан дүн гарчээ.
Өнгөрсөн оны эцсийн байдлаар нийт 1 264 000 орчим тээврийн хэрэгсэл бүртгэлийн санд бүртгэлтэй байжээ. Тэдгээрээс нийслэлд 72 001, орон нутагт 90 007 гээд 162 008-ынх нь татвар, даатгалыг төлдөггүй, техникийн хяналтын үзлэгт оруулаагүй тул улсын бүртгэлээс хасна гэсэн судалгаа гаргасан аж. Үүний дагуу ЗТХЯ-ны Авто тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газраас ирүүлсэн чиглэлийн хүрээнд 150 647 тээврийн хэрэгслийг дээрх сангаас хассан байна. Бас өмчлөгчийнх нь хүсэлтээр 4972 автомашиныг бүртгэлийн сангаас хассан аж. Улмаар одоогоор 1 138 337 тээврийн хэрэгсэл бүртгэлтэй буй гэнэ.
Тээврийн хэрэгслийн өмчлөгч нь өөрийн нэр дээр байсан автомашиныг худалдах, худалдан авах гэрээ хийн, итгэмжлэлээр бусдад шилжүүлсэн ч худалдаж авсан иргэн нь нэр дээрээ шилжүүлээгүй тохиолдолд тухайн хэрэгслийн торгууль, татвар нь бүртгэлийн санд бүртгэлтэй өмчлөгчийн нэр дээр гарч, өр үүсдэг тохиолдол олон. Тиймээс иргэд заавал бүртгэлийн байгууллагад хандаж өмчлөгчийн мэдээллээ шинэчлэх шаардлагатайг АТҮТ-өөс санууллаа. Мөн цаашид ашиглах боломжгүй, замын хөдөлгөөнд огт оролцдоггүй, сэлбэг болон задаргаанд орсон, шатсан, төмрийн хаягдалд өгсөн зэрэг шалтгааны улмаас ашиглалтаас хасагдсан тээврийн хэрэгслүүд эл санд бүртгэлтэй байдаг гэнэ. Хэрэв тэдгээр тээврийн хэрэгслийг бүртгэлийн сангаас хасуулахгүй бол иргэдэд татварын ногдол жил бүр үүсэхийг анхааруулав.
Бэлтгэсэн: Б.Сонор