УИХ-ын гишүүн, сайд агсан С.Зоригийн мэндэлсэн өдрийг тохиолдуулан өчигдөр намынхан, хамтран зүтгэгчид, гэр бүлийнхэн гээд олон хүн хөшөөнд нь цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ. Тэдний нэг нь түүний дүү С.Оюун байв. Гадаадад ажиллаж, амьдарч буй тэрбээр ахынх нь амийг хөнөөсөн хэрэгт холбогдуулан нэр бүхий хүмүүсийг яллагдагчаар татсан тогтоолыг хэрэгсэхгүй болгосныг зөв гэж үзэж буйгаа энэ үеэр хэвлэлийнхэнд илэрхийлсэн юм.
С.Оюун “Хэргийн материалтай анх танилцах үеэс л миний байр суурь ийм байсан. Анхан шатны шүүх хурал хаалттай болж, хэргийн бүх материалыг төрийн нууцад авахад бид гэр бүлийн зүгээс эсэргүүцлээ илэрхийлж байлаа. Харамсалтай нь, гурван шатны шүүхээс хүмүүст ял оноосон. Тэднийг би хэлмэгдсэн гэж боддог. Хэргийн материалыг нууцаас гаргах тогтоол баталсан ч бүрэн хэрэгжүүлээгүй. Энэ хэргийг хэн хийснийг илрүүлж чадахгүй олон жил өнгөрлөө. Сүүлдээ бид жинхэнэ хэрэгтнийг олж чаддаггүй юм гэхэд гэм буруугүй хүмүүсийг битгий хэлмэгдүүлээсэй гэж хүсдэг болсон. С.Зориг агсны гэргий Б.Булгантай бид холбоотой байдаггүй.
Тэр хүнийг гэм буруутай гэсэн таамгийг ч бас дэвшүүлж байгаагүй. Хэнийг ч байсан таамгаар буруутгаж болохгүй. Хүмүүсийг хэлмэгдүүлвэл жинхэнэ хэрэгтэн нь дарагдана. Хэргийг шалгах ажиллагааг зогсоохгүй үргэлжлүүлж, илрүүлэхийн төлөө явах ёстой. Ах минь төр, нийгмийн зүтгэлтнээс гадна ардчиллын лидер байсан. Ийм том хар толбо ардчиллын түүхэнд үлдээж болохгүй. Зориуд нэг зүйлийг хэлэхэд, энэ хэргийг илрүүлэх ажил буруу явж байна гэж сайд асан Ц.Нямдорж, сайд Х.Нямбаатар сайд, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар тууштай байр суурь илэрхийлж, анхаарал тавьж буйд баярлаж байна” хэмээгээд дахин шалгахаар болсныг дэмжиж буйгаа хэллээ.
Бэлтгэсэн: У.Наран