Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяа хуучнаар Тариалан эрхлэлтийг дэмжих сан (ТЭДС), Мал хамгаалах санг нийлүүлж өнөөгийн Хөдөө аж ахуйг дэмжих сан (ХААДС)-г байгуулан, үйл ажиллагаа явуулаад удаагүй байна. Тэгвэл саяхан “Хишиг агро”, “Дорнод гурил” хэмээх хөдөө аж ахуйн чиглэлийн аж ахуйн нэгжийн гол хувьцааг эзэмшиж байсан, ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун олон тэрбумын өр, авлагатай ХААДС-г татан буулгаж, корпорац гэх статустай болгох хуулийн төсөл санаачлан УИХ-д өргөн мэдүүлсэн асгийн газарт буцаагаад буй.
Үүнтэй зэрэгцээд Засгийн газрын “Шилэн” ажиллагааны хүрээнд тус сангаас зээл авчихаад төлөөгүй 6092 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын мэдээллийг ил болгосон билээ. Энэ нь ХААДС-гийн нийт зээлдэгчийн 70 орчим хувийнх нь мэдээлэл гэдгийг эх сурвалжууд хэлж байна. Тодруулбал, ХААДС-гийн 10 000 гаруй зээлдэгч байдгаас дээрх тооных нь мэдээллийг олонд ил болгосон гэсэн үг. Тус сан нийт 109.5 тэрбум төгрөгийн зээл гаргаснаас 77.4 тэрбум нь төлөгдөөгүй байгаа аж. Гурилын үйлдвэрүүдээс гэхэд “Милл хаус” 3.9, “Эрдэнэтфүүдс” 2.9, “Дархан гурил тэжээл” 2.3, “Сайхан хүнс” 1.7, “Бэрэн групп”-ийн хамаарал бүхий “Хангайн гурил” ХХК 1.4 тэрбумыг эл сангаас зээлж авсан бөгөөд төлбөрөө төлөөгүй аж.
ХААДС-гаас зээл авчихаад зориулалтын бусаар зарцуулсан аж ахуйн нэгжүүдийг хууль сахиулах байгууллагынхан нарийвчлан шалгаж гэнэ. Тухайлбал, “Зондэм”, “Мөнхцаст очирваань”, “Энхцацагт консалтинг” ХХК-ийнхан тус бүр 58.8 сая төгрөгийн зээл эл сангаас авсан бөгөөд түүнийгээ зориулалтын бусаар зарцуулан мөнгө угаасан байж болзошгүй гэх үндэслэлээр шалгуулах болжээ.
“СЭЛЭНГЭ ТАРИА”-ГИЙН П.БАТ-ЭРДЭНЭ, “КАМЕРТОН”-Ы Б.ЭРДЭНЭБАТ НАР ЗЭЭЛЭЭ ТӨЛӨӨГҮЙ БАЙНА
Уг нь ХААДС-гаас зээл авсан аж ахуйн нэгжүүд төлбөрөө төлөхгүй байгааг ЭЦА-ныхан өнгөрсөн оноос шалгаж, тус сангийн байранд нэгжлэг хийж, албан тушаалтнуудыг нь хариуцлагад татсан ч эргэн төлөгдсөн нь төдийлөн их биш. Дээрх сангийн албан тушаалтнууд хувийн аж ахуйн нэгжийнхэнтэй үгсэн хуйвалдаж ТЭДС-гаас улаан буудай, техник, тоног төхөөрөмж зэргийг хууль бус гэрээ байгуулан ах, дүү, хамаатан садан, хамаарал бүхий хүмүүсийнхээ эзэмшилд авч, улмаар цааш нь иргэдэд өндөр үнээр худалдан борлуулж байсан гэх мэдээллийн дагуу цагдаагийнхан хэрэг бүртгэлтийн хэрэг нээн 2022 оны гуравдугаар сард шалгаж эхэлсэн юм.
Цагдаагийнхан өнгөрсөн онд эхлүүлсэн шалгалтаараа улс төр, бизнесийн салбарт нөлөө бүхий хүмүүсийн байгуулсан аж ахуйн нэгжүүд ХААДС-гаас авсан зээлээ хэрхэн зарцуулж буцаан төлсөн, эсэхийг нь нягталж эхэлсэн гэдэг. Тэдний дунд “Камертон” хамтлагийн дуучин, “Монгол газар шим” компанийн захирал Б.Эрдэнэбат, “Шунхлай групп” ХХК-тай хамааралтай П.Бат-Эрдэнэ тэргүүтэй хүмүүс дээрх сангаас зээл авсан байдаг аж. Тухайлбал, “Камертон”-ы Эба “Монгол газар шим” компаниараа дамжуулж 2009 онд Хөдөө аж ахуйн техник дундын үйлчилгээний төвөөс 19 сая, 2012 онд 150 сая төгрөгийн зээл улсын төсвийн хөрөнгөөс авсныг “Шилэн” ажиллагааны цахим хуудсанд бичээд буй. Нийт авсан 169 сая төгрөгийн зээлээ төлөөгүй байгаа юм.
“Шунхлай групп”, АПУ компанийн гол хувьцаа эзэмшигчидтэй хамаарал бүхий П.Бат-Эрдэнэ “Сэлэнгэ тариа” ХХК-иараа дамжуулж Мал хамгаалах сангаас 2017 онд 695 сая гаруй төгрөг аваад төлөөгүй тухай мэдээлэл https://shilen. gov.mn цахим хуудсанд бий.
ЭЦА-ныхан өнгөрсөн оноос хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж эхэлснээс хойших хугацаанд 691 иргэн, аж ахуйн нэгжийнхэн 3.4 тэрбум гаруй төгрөгийн зээлээ эргэн төлсөн гэх мэдээллийг эх сурвалжууд бидэнд өгөв. ХААДС-гаас 50 саяас дээш төгрөгийн зээл авсан 634 иргэн, аж ахуйн нэгж байдаг юм билээ. Үүнээс 190 гаруй нь зээлээ эргэн төлж буй бол 204-ийнх нь хөөн хэлэлцэх хугацаа дуусчихсан аж. Хууль сахиулагчид 52 аж ахуйн нэгжийг шалгаад 49- ийг нь гэмт хэргийн шинжгүй хэмээн хаасан байна. Нэг бус үйлдлийг АТГ-т шалгуулахаар шилжүүлжээ. Харин хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байх явцад прокурорын шийдвэрээр “Бэрэнгрупп”-ийн хамаарал бүхий, М.Чингүн захиралтай “Хангайнгурил” ХХК-д холбогдох үйлдлийг хаасан аж. Бидний авсан мэдээллээр тус компанийнхантай холбоотой хэрэгт Булган аймгийн Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч 2310 дугаартай захирамж гаргаж, иргэний маргаан гэж дүгнэсэн бөгөөд уг захирамж нь хүчинтэй байгаа учраас прокурор шүүгчийн захирамжийг үндэслэн хэргийг хаажээ.
САНГИЙН МЭРГЭЖИЛТЭН АЖ АХУЙН НЭГЖИЙН НЭР АШИГЛАН ЗЭЭЛ АВСАН БАЙЖЭЭ
ХААДС-гийн хөрөнгийг албан тушаалтнууд нь завшсан үйлдлүүд гаргадгийг хууль сахиулагчид илрүүлсээр ирсэн. Одоогоос 10 гаруй жилийн өмнө хуучнаар ТЭДС-гийн захирлаар ажиллаж байсан Ч.Пэрэнлэй албан тушаалаа урвуулан нэлээд их хэмжээний хөрөнгө завшиж, түүгээрээ тариалангийн нэг бус аж ахуйн нэгж худалдан авсан хэрэгт холбогдон шалгуулсан юм даг. Түүнтэй хамт ТЭДС-гийн Сэлэнгэ болон Хөтөл дэх салбарын удирдах албан тушаалтнууд шалгуулж байсан ч хэрэг нь тэгсхийгээд мартагдан, дээрх сан олон тэрбум төгрөгөөрөө хохироод үлдсэн билээ.
Тэгвэл өдгөө ХААДС-гийн техник үйлчилгээний ажилтан Г.Бат-Эрдэнийг албан тушаалаа урвуулсан үндэслэлээр ЭЦА-наас АТГ-т шилжүүлэн шалгуулж буй гэнэ. Эх сурвалжуудын мэдээлснээр Б.Батхишиг гэдэг хүний нэрээр 148 сая төгрөгийн зээл авсан баримт бүрдүүлээд өөрөө завшсан байж болзошгүй үйлдэлд холбогдсон аж. Орон нутгийн иргэн уг зээлийг авснаа ч мэдээгүй явсан аж. Хууль сахиулах байгууллагынхнаас ийм их хэмжээний зээл авснаа мэдэж тайлбар мэдүүлгээ өгснөөр дээрх албан тушаалтан эрх мэдлээ урвуулсан байж болзошгүйг тогтоосон гэнэ.
Үүнээс өмнө Төв аймгийн Хөдөө аж ахуйн газрын дарга Н.Гантулгыг ХААДС-гаас нэн хөнгөлөлттэй зээл хамаарал бүхий аж ахуйн нэгждээ давуу байдал үүсгэн олгосон байж болзошгүй хэмээн АТГ-т шалгуулахаар шилжүүлж байв. Түүнд холбогдох үйлдлийг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй болсон. Н.Гантулгыг хамаарал бүхий этгээдийнхээ нэр дээр бүртгэлтэй “Уушиг хайрхан” зэрэг компаниар дамжуулж 800 сая төгрөгийн зээл ХААДС-гаас авсан. Уг зээлийг техник хэрэгсэл, үрийн буудай хэлбэрээр авсан ч эргэн төлөөгүй гэх үйлдэлд холбогдуулсан байдаг. Түүний ХАСХОМ-тээ бүртгүүлж байсан, хамаарал бүхий этгээдийнх нь нэр дээр бүртгэлтэй “Уушиг хайрхан” ХХК дээрх сангаар дамжуулан олгосон Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаас 50 сая, улсын төсвийн хөрөнгөөс 255 саяын зээл авсан бөгөөд нийт төлөгдөөгүй зээл нь 304.9 сая төгрөг байгааг https://shilen. gov.mn цахим хуудаснаас үзэж болно.
Энэ мэтээр эрх бүхий албан тушаалтнууд мэдээлэлд ойр эрх мэдлээ урвуулж ХААДС-гаас зээл авч өөрсдөдөө болон хамаарал бүхий хүмүүстээ давуу байдал олгох явдал цаашид гарахгүй гэх баталгаа үгүй. ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулууны тушаалаар дээрх сангийн захирлаар томилсон Б.Цогтсаранг ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзэх үндэслэл бий. Зарим цахим мэдээллийн хэрэгсэлд эл сангаас зээл авсан“Өгөөмөрхан тайж” ХХК-ийг Б.Цогтсаран үүсгэн байгуулж, захирлаар нь ажиллаж байсныг ил болгоод буй билээ. Уг компани нь зээлээ эргэн төлсөн, эсэх мэдээлэл https://shilen.gov.mn цахим хуудсанд хараахан гараагүй нь дээрх албан тушаалтан ашиг сонирхлын зөрчил үүсгэж, дарагдуулсан юм биш биз гэх хардлага төрүүлж байна.