Нийслэлийн нийтийн тээвэрт явуулж буй хэд хэдэн чиглэлийн автобуснуудын урд хэсэгт өчигдөр “Түгжрэлийн сайд ажлаа өөрөө хий”, “Салбарын дарга шударга бай”, “Өвлийн хүйтэнд автобусны тоог нэмэгдүүлээгүй” зэрэг бичиг байрлуулсан байв. “Эрдэм транс” компанийнхан төр, засгийн буруутай үйл ажиллагаа, ялангуяа нийслэлийн Нийтийн тээврийн газрын удирдлагуудын зохион байгуулалтгүй байдлыг ийнхүү эсэргүүцжээ. Тус компанийн гүйцэтгэх захирал Ө.Очироос үүний талаар тодруулахад “Манай салбарыг хариуцдаг нийслэлийн Нийтийн тээврийн газрын дарга С.Жавхлантбаатарыг огцрохыг шаардаж байна.
Тэрбээр мэргэжлийн бус хүн, энэ он гараад томилогдсон. Түүнээс хойш тун бага хугацаа өнгөрсөн ч удаа дараа мэргэжлийн бус шийдвэр гаргалаа. Бидний хүсэлт, шаардлагын хариуг ч өгдөггүй. Өнгөрсөн нэгдүгээр сард буюу өвлийн хүйтнээр автобус нэмж явуулах хүсэлтээ өгөхөд хариуг нь гуравдугаар сард ирүүлэх жишээтэй. Нэг талд иргэд автобус олдохгүй буудлуудад удаан хүлээж байна. Нөгөө талд манайд 50-60 автобус сул зогсож байгаа юм. Тиймээс автобусныхаа тоог нэмэгдүүлэх хүсэлт тавьсан ч хүлээж аваагүй. Өөрөөр хэлбэл, хувийн хэвшлийнхнийг шахаж, гадуурхаж байна. Үүнээс гадна олон асуудал бий. Тиймээс мэргэжлийн бус дарга огцор гэсэн шаардлагыг бид үүгээр илэрхийлж байгаа” гэв. Тус компани одоогоор 20 гаруй чиглэлд иргэдэд үйлчилдэг. Тухайлбал, Зүүнсалаа, Халдварт, Яармаг, МУБИС, “Дүнжингарав”-ын чиглэлд зорчигч тээвэрлэж буй юм байна.