Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны III хуралдаан өчигдөр болов. Энэ үеэр нийслэлийн Бодлогын судалгаа, шинжилгээний төвийн гүйцэтгэх захирал Р.Дагва замын түгжрэлийг бууруулах богино болон дунд хугацааны бодлогын судалгааг танилцууллаа. Тэрбээр “Бид түгжрэлийг бууруулахын тулд богино болон дунд хугацаанд ямар арга хэмжээ авч болох вэ, энэ нь ямар эерэг үр дүнд хүрэх вэ гэдгийг судалсан. Түгжрэлийг бууруулахын тулд хотын дөрвөн гол өргөн чөлөөний нэгдүгээр эгнээг чөлөөлж, нийтийн тээврийн автобус явуулах, мөн гэр хорооллын замуудыг сайжруулах зэрэг арга хэмжээг хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзсэн. Ингэснээр түгжрэл 18 хувиар буурах боломжтой гэсэн тооцоо бий. Түүнчлэн дугуйн замыг сайжруулах, нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлж, чиглэлийг оновчтой зохион байгуулах шаардлагатай. Дунд хугацаанд төрийн мэдлийн их сургуулиудыг хотын дэд төвүүдэд түшиглэн шилжүүлснээр хөдөлгөөний нягтаршлыг багасгах боломжтой” хэмээн онцлов. Түүнчлэн дагуул хотуудын тоог нэмэгдүүлэх нь зүйтэй гэж үзжээ. Тухайлбал, Хөшигийн хөндийгөөс гадна Ар гүнт, Налайх, Буянт-Ухаад дагуул хот байгуулах судалгааны ажлыг эхлүүлсэн гэв.
Чингэлтэйн өргөн чөлөө, Шар хадны зам, Энхтайваны гүүрний буцах эргэлт, АПУ ХХК-ийн уулзвар орчим, “Мишээл экспо”-гийн хойд тал, Улиастайн зам, Нарны замын нэгдүгээр эгнээг өргөтгөж, нийтийн тээврийн автобуснууд зорчуулахаар уг хуралдаанаас шийдвэрлэв. Мөн замын ачааллыг бууруулах зорилгоор гэр хорооллын нийтийн тээвэр хүртээмжгүй хэсэгт 27.3 км авто зам тавих, дамжин суух терминалыг нэмэгдүүлэх санал боловсруулахаар болжээ.