Нийслэлийн хэмжээнд хуучин орон сууцуудыг дулаалах ажил үргэлжилж байгаа аж. Уг ажлын явцыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хотын инженерийн байгууламжийн хэлтсийн ахлах мэргэжилтэн М.Балдандоржоос тодрууллаа.
-Улаанбаатар хотод өдгөө дулаалах шаардлагатай хэдэн орон сууц байна вэ?
-Хуучны, угсармал 1077 орон сууцыг дулаалахаар төлөвлөсөн. Уг ажил үргэлжилж байгаа. БХБЯ, нийслэлийн ЗДТГ, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг буюу GIZ орон сууц дулаалах төсөлд хамтран ажиллахаар өнгөрсөн сард гурвалсан гэрээ байгуулсан. Одоогоор төслийг хэрэгжүүлэх механизм, санхүүгийн схем, байрнуудаа сонгох ажлыг эхлүүлээд байна.
-Төсвийг хэрхэн бүрдүүлэхээ төлөвлөсөн үү?
-Дээрх гурван байгууллагын хамтарсан “Улаанбаатар хотын угсармал орон сууцын эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх нь” буюу НАМА төслийн хүрээнд 18 сая ам.долларын буцалтгүй тусламжаар эхний ээлжид 150 байрыг таван үе шаттайгаар дулаална. Үүний дараа иргэдээс тодорхой хэмжээнд төлбөр хурааж, сан үүсгэхээр төлөвлөсөн. Өөрөөр хэлбэл, эхний ээлжийн байруудыг төслийн хүрээнд дулаалаад, дараагийн орон сууцуудыг иргэдээс бүрдүүлсэн хураамжаар дулаалахаар ярилцаж байна. Нэг айл ойролцоогоор 5-10 жилийн хугацаанд сар бүр 50 000 орчим төгрөгийн нэмэлт хураамж төлнө гэж тооцож байгаа. Гэхдээ энэ нь эцсийн байдлаар тогтоосон дүн биш. Одоогоор төлөвлөгөөний шатанд яваа гэж ойлгож болно.
-Иргэдийн санал хүсэлтэд тулгуурлан дулаалах байруудыг сонгох уу. Голдуу аль байршлыг хамруулах бол?
-Энэ долоо хоногоос Баянгол, Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийн хороо, СӨХ, хэсгийн ахлагч, иргэдийн төлөөлөлтэй уулзана. Эхний ээлжид дээрх гурван дүүргийг хамруулж буй. Дараагийн ээлжид Чингэлтэй, Сүхбаатардүүргийг хамруулах юм. Ихэнхдээ III, IV хорооллын угсармал байруудыг хамруулж байгаа. Бидний сонгосон байрны иргэд бүгд хүлээн зөвшөөрсөн тохиолдолд дулааны тоолуур суурилуулж эхэлнэ. Ирэх жилээс иж бүрэн дулаалгын ажлыг хэрэгжүүлэх юм.