Монголд дартсын спорт хэрхэн хөгжиж байгааг олон улсын тавцанд амжилтаараа харуулж буй шилдэг тамирчин цөөнгүй. Тэдний нэг нь Монголын дартс сонирхогчдын холбоо, “MGL darts” клубийн тамирчин, ОУХМ Ш.Ган-Эрдэнэ. Ах Ш.Ганзоригийнхоо дартс тоглохыг сонирхож харсаар эл спортод хөл тавьсан түүнд хилийн дээс алхаж, медальтай ирсэн дурсамж олон. Тухайлбал, АНУ-д 2017 онд болсон “Sacramento USA” олон улсын тэмцээнд түрүүлж байв. Түүнээс хоёр жилийн дараа БНСУ-ыг зорихдоо “Korea open 2019”, 2020 онд “Korea target open” тэмцээнд аваргаар тодорсон юм. Тус улсад өнгөрсөн сард болсон тив, ДАШТ-ий эрхийн оноо олгох Азийн цувралын дөрөв, тав, зургадугаар тэмцээнд тэрбээр шигшээ наймд шалгарчээ. Тэгвэл өмнөд хөршид энэ сарын эхээр зохион байгуулсан “Бээжин 2023” олон улсын нээлттэй тэмцээнд 446 тамирчинтай ур чадвараа сорьж, алтан медаль, аваргын цомтой ирсэн түүнийг зочноор урилаа.
-Холын хүнээс үг сонс гэдэг дээ. Та БНСУ, БНХАУ-д болсон тэмцээнд оролцоод иржээ. Монголын дартсчид тивдээ төдийгүй дэлхийд хүчтэй өрсөлдөгч болсныг таны тоглолт харууллаа.
-Миний хувьд дотоод, гадаадын тэмцээнд оролцдог болохоор энэ жил бэлтгэлээ сайн базаасан. Тиймээс түрүүлэх зорилготой л БНСУ-ыг зорьсон юм. Тэнд болсон Азийн цувралын дөрөв, тав, зургаа дахь тэмцээний шигшээ наймд шалгарч, өмнө нь хождоггүй байсан аваргуудыг яллаа. Эхний тоглолтод Японы хоёр тамирчинтай тэнцэн, дараагийн өдөр нь Япон, Хятад, Хонконг, Монголын тамирчныг хожив. Тэднээс Азийн аварга, “Кинг” хочит, Сингапурын тамирчин Пол Лимийг 4:2-оор буулгаж авсан юм. Өдгөө 68 настай түүнтэй өмнө нь таарахдаа нэг ч хожоогүй. Түүнд ялагдчихаад надад ч гэсэн хожих цаг ирнэ гэж бодож байлаа. Энэ удаа зорилгодоо хүрч, хүсэл, мөрөөдлөө биелүүлсэндээ сэтгэл өндөр байна. Тус цуврал тэмцээний дараа “Beijing 9th capital darts tournament 2023” олон улсын нээлттэй тэмцээнд оролцсон. Шөвгийн дөрөвт Хонконгийн нэрт тамирчин Хюго Леунгийг 4:2-оор хожиход үзэгчид шуугилдаад эхэлсэн. Тэрбээр Азийн цуврал тэмцээнийг амжилтаараа тэргүүлж яваа. Аваргын төлөөх тоглолтод эзэн орны залуу тамирчныг 6:4-өөр ялсан юм. Түүнийг хожчихлоо гээд бодож эхлэхэд нь би өөртөө “Хожигдох болоогүй шүү” гээд хэлж байв. Хүчтэй өрсөлдөгчдөө ялж, аваргын цом гардахад үгээр хэлэмгүй сайхан мэдрэмж төрсөн шүү.
-Монголд Азийн цувралын сүүлчийнх болох 14, 15, 16 дахь тэмцээн сарын дараа эхлэх нь. Сэтгэл тань хэр догдолж байна вэ?
-Манай улсад ирэх сарын 27-28-нд цувралыг зохион байгуулахаар болсон. Эх орондоо болох тэмцээнд түрүүлэх зорилго тавиад бэлтгэлээ шаргуу хийж байна. Энэ сард тус цувралын долоо, найм, ес дэх нь Филиппинд, 10, 11, 12 дахь нь Хонконгод болно. Би тэмцээний өмнө бэлтгэл хийхдээ өрсөлдөгчдийнхөө сэтгэл зүйн байдлыг сайтар ажигладаг. Гадаадын тэмцээнд цөөнгүй оролцсон тул аль улс шилдэг тамирчидтайг ч мэднэ. Тиймээс тэдэнтэй энэ удаа ч гэсэн ана мана өрсөлдөнө. Өмнө нь аваргуудыг харчихаад эхэндээ эмээдэг байсан бол сүүлдээ эн тэнцүү тоглодог болсон.
-Спортод хүнийг татах онцлог бий. Дартст хөл тавьсан бол эргэж буцдаггүй гэж сонссон. Та ч бас ингэж сэтгэл татагдсан биз?
-Дартс тоглох тусам сонирхолтой санагдаж, хожих хүсэл өөрийн эрхгүй төрүүлдэг юм. Намайг хүүхэд байхад Ш.Ганзориг ах найзуудтайгаа дартс тоглодог байлаа. Гудамжинд хөлбөмбөг тоглож өнждөг байсан бидний хувьд дартс тэр үед шинэ, содон зүйл байв. Монголд нэг сая төгрөгийн бооцоот дартсын тэмцээн зохион байгуулах тухай анх сонсоод ихэд гайхаж билээ. Надаас гадна ах, эгч хоёр минь энэ спортоор тууштай хичээллэж амжилт гаргасан. Бид ОУХМ цолтой. Монголд 1995 онд дартсын УАШТ-ийг анх удаа зохион байгуулахад ах минь түрүүлсэн юм. Бид 2009 оноос сар бүр чансаа ахиулах, Холбооны цом, олон улсын нээлттэй тэмцээн, УАШТ-д аваргын төлөө олон таарлаа. Тоглолтын талбайд гарахын өмнө ахтай гар бариад “Хэн сайн тоглосон нь хожъё” гэдэг. Миний хувьд УАШТ-ээс нэг алт, гурван мөнгөн медальтай. Монголд 2016 онд болсон УАШТ-д түрүүлж, анх удаа алтан медаль зүүсэн. БНСУ-д 2020 онд болсон “Кorea оpen” тэмцээнд Ш.Эрдэнэтуяа эгчтэй хосын төрөлд тэргүүлж, аваргын цом гардаж байлаа.
-Тивийн шилдгүүдийг хожиж, шигшээ наймд шалгарахад дэргэд тань хэн байж зөвлөв?
-Би өмнө нь гадаадын тэмцээнд өөрийгөө дасгалжуулаад оролцдог байлаа. БНСУ-д болсон Азийн цуврал, мөн “Бээжин 2023” олон улсын нээлттэй тэмцээнд улсын хошой аварга Б.Болдбаатар багийнхантайгаа хамт оролцохоор явсан. Тэрбээр тэмцээний үед зөвлөн дасгалжуулагч, сэтгэл зүйчийн үүргийг маш сайн гүйцэтгэсэн. Өрсөлдөгчдөө ялах бүрт миний сэтгэл зүйг ажиглаж “Та одоо хэт их догдолж болохгүй шүү, тайван байгаарай. Дараагийн тоглолтод анхаарлаа төвлөрүүлэх хэрэгтэй” гэнэ. Түүний зөвлөхийг сонсоод тамирчдыг амжилт гаргахад дасгалжуулагч, сэтгэлзүйч чухал болохыг ойлгосон. Монголд 2021, 2022 онд болсон УАШТ-ий шигшээ тоглолтод тэрбээр намайг хожиж байв.
-“Үйзэн” клубээс амжилтынхаа гарааг эхлүүлсэн тамирчин олон байдаг юм билээ.
-Тийм шүү. Дартсын спортынхон Баянзүрх дүүргийн Сансарт “Үйзэн” клубийг анх байгуулж бэлтгэл хийдэг байв. Тус клубээс төрсөн шилдэг тамирчин олон бий. Анхны аварга нь Ш.Ганзориг ах. Би ч гэсэн ах нарыг дагаж ирээд тус клубт бэлтгэл базааж, тамирчны гараагаа эхлүүлсэн. Тэр үед Баянзүрх дүүргийн ерөнхий боловсролын 92 дугаар сургуулийн сурагч байсан би дүүрэг, сургууль, клубийнхээ зохион байгуулсан дартсын тэмцээнд түрүүлж, “Оны шилдэг тамирчин”, “Оны шилдэг сурагч”-аар шалгарч байлаа. Аавын талын ах, дүүс бөхийн удамтай. Самбо бөхийн дэлхийн аварга, улсын начин Б.Онх гээд сайхан буурал бий.
-Дартсын спортод гэр бүлээрээ амжилт гаргах нь ховор. Хүүхдүүд тань өсвөр, үе залуучуудын ДАШТ-ий багийн төрөлд хүрэл медаль хүртсэн санагдана.
-Миний залгамж халаа болж охин Г.Анужин, хүү Г.Ананд нар дартсаар хичээллэж байна. Тэд Х.Тэргэл, Б.Хулан нартай Гибралтар улсад өнгөрсөн жилийн арваннэгдүгээр сард болсон дартсын өсвөр үе, залуучуудын ДАШТ-ий багийн төрөлд оролцож, хүрэл медальтай ирсэн юм. Үнэнийг өгүүлэхэд, би хүүхдүүдээ бэлтгэл хийлгэж, дасгалжуулаагүй. Өсвөрийн тамирчид дасгалжуулагч Х.Одбилэгийн удирдлагад 22 улсын шигшээ багийнхантай өрсөлдөхдөө түүхэн амжилт гарган, Монголын дартсын спортод нэгэн шинэ хуудас нээсэн. Х.Тэргэл Ш.Эрдэнэтуяа эгчийн минь хүү. Тус тэмцээнд багийнхантайгаа оролцсон хүү, охин хоёрынхоо тоглолтыг харж их догдолсон шүү. Бие минь энд ч сэтгэл хэдийн тэнд оччихсон байв. М.Эрдэнэ дасгалжуулагч тоглолтыг лайваар шууд дамжуулсныг хүмүүс сонирхож их үзсэн. Тэгтэл сүүлийн тоглолтод утас нь унтарч, бичлэг тасарчихлаа. Тэр үед одоо яасан бол, медаль хүртсэн болов уу гэж бодоод, хүү, охин хоёрынхоо цамцны захыг мушгиад хүлээж суулаа. Лайв удалгүй үргэлжилж, үзэгчид хашхиралдаад л явчихсан. Манайхан Ирланд улсын шигшээг хожиж, медалийн болзол хангаж байгааг хараад өөрийн эрхгүй огшсон доо. Тэр тэмцээнд манайхан өмнө нь дэлхийн аваргаар шалгарсан Шинэ Зеланд, Шотланд, Германы хүчирхэг багийг хожсон шүү дээ. Гадаадын дасгалжуулагчид Азиас Монголын тамирчдыг амжилт гаргана гэж төсөөлөөгүй байх. Медаль хүртэхэд нь гайхаад, толгой сэгсэрч байгаа харагдсан. Сая Бээжинд болсон олон улсын нээлттэй тэмцээнд тэднээс Б.Хулан эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд аваргын төлөө эзэн орны тамирчинтай тоглож, мөнгөн медаль хүртлээ.
-Монголын дартсчид тивдээ хүчтэй өрсөлдөгч болж, дэлхийн шилдгүүдийг хождог боллоо шүү дээ.
-Бид өмнө нь гадаадын тэмцээнд оролцохдоо хэсгээсээ ч гарч чаддаггүй байв. Одоо бол медалийн төлөө хоорондоо таарч өрсөлддөг боллоо. Томоохон тэмцээнд нутаг нэгт тамирчинтай таарах хамгийн хэцүү санагддаг. Сая Бээжинд болсон олон улсын нээлттэй тэмцээнд би Б.Болдбаатар аваргыг шигшээ 16-д 4:2-оор хожлоо. Шөвгийн наймд М.Алтантүлхүүрийг мөн 4:2-оор буулгаж авсан. Хагас шигшээд эзэн орны ДАШТ-д өрсөлддөг аваргыг 5:0-ээр илүүрхэж, аваргын төлөө шалгарсан юм. Алтан медалийн төлөөх тоглолт амар байгаагүй. Өмнөд хөршийн залуу тамирчныг онооны хол зөрүүгүй 6:4-өөр ялж түрүүллээ. Монголын тамирчид энэ удаа Азийн шилдгүүдийг хожсон нь олны сонирхлыг их татсан. Тухайлбал, Т.Пүрэвлоов шөвгийн наймд Хятадын аваргыг ялж гайхширууллаа. Тэрбээр энэ жилийн УАШТ-д аваргын төлөө надтай тоглохдоо 5:4-өөр ялж түрүүлсэн шүү. Монголчууд шинэ аварга төрөхөд дуртай байдаг. Би ч гэсэн шинэ цолтон төрөхөд бэлгэшээж, аваргуудын тоог ахиуллаа гэж их баярласан.
-Дартсчдын хамгийн их нандигнадаг зүйл юу вэ?
-Сум. Бид тэмцээнд оролцохдоо хожилд хөтөлсөн сумаараа гангардаг. Миний анхны сум олон тэмцээний түрүүг авсан. Хоёр дахь сум маань дэлхийн хошой аварга, Нидерландын тамирчин Майкл Ван Гервенд зориулж үйлдвэрлэсэн “Winmau” брэндийнх, 18 граммын жинтэй. Мэргэжлийн дартсчид тэмцээнд 23 граммын жинтэй сумаар тоглодог. Сум чанартай, хөнгөн байх тусмаа эзнээ амжилтад хөтөлдөг юм. Спортод аз ховорхон тохиодог. Уйгагүй хөдөлмөрлөснийхөө хэрээр тамирчин хүн зорьсондоо хүрдэг гэж бодож байна.
-Медалийн төлөө тоглоод хожигдох танд хэцүү санагддаг уу?
-Хүчтэй өрсөлдөгчтэй таарч ялагдах муу зүйл биш. Ялагдал надад дараагийн тэмцээнд түрүүлэх том зорилго үлдээдэг. Алдаа минь сургамж болж, бодох бүрт заавал ялах ёстойг байнга сануулна. Би тэмцээний өмнө тайван байдаг. Самбар луу сумаа шидэж үзчихээд “Миний бэлтгэл хангагджээ. Одоо амрах хэрэгтэй” гэж өөртөө хэлдэг юм. Хүн завгүй байх тусмаа олон ажил амжуулдаг юм билээ. Би БНСУ-ыг зорихдоо ажил, бэлтгэлээ таслалгүй хийж байгаад л явсан. Эхнэрийг найзууд нь “Чи нэг дартсчинтай байсан бол одоо гуравтай боллоо. Яана даа” гэдэг юм. Дартсын спортод амжилт гаргах нь тухайн тамирчны сэтгэл, зүтгэл, мэдрэмжээс их шалтгаалдаг. Би хүүхдүүддээ “Аливаа зүйлээс шантрахгүй зорилготой бай. Дартсчин хүн худлаа ярьж болдоггүй юм шүү” гэж хэлдэг.
-Та эхнэрээ хүртэл дартс руу урвуулчихсан хэрэг үү?
-Бид 2008 онд гэрлэсэн. Эхнэрийг минь Г.Золзаяа гэдэг. Дархан-Уул аймгийнх. Холбооны инженер мэргэжилтэй. Намайг дартсын тэмцээнд оролцоход сонирхож үздэг болсон юм. Сүүлдээ “За больё, чамайг сумаа яаж шидэх бол гэж догдолж, түгшиж үзсээр байгаад зүрх зогсох нь” гээд больсон. Тэмцээнд хөгжөөн дэмжигчид нь тамирчдаас илүү шаналж, сэтгэл нь хямардаг. Эхнэр дартс муугүй тоглочихно. УАШТ-ээс хоёр мөнгө, нэг хүрэл медальтай. Гэр бүлээрээ дартсын тэмцээний хосын төрөлд оролцоод удаалж байлаа. Намайг бэлтгэл хийхийг хүүхдүүд минь багаасаа харж өссөн. Тэд нэг л өдөр “Аав аа самбар, сум аа өгөөч” гээд шидэж эхэлсэн дээ. Би охинтойгоо өнгөрсөн жилийн УАШТ-ий багийн төрөлд “Хөх угалз” клубээс оролцож, аварга болсон юм. Тэр тэмцээнээс охин минь спортын дэд мастер цол хүртэж, гэрийнхнээ баярлуулсан. Надад амжилтыг хүрэл медалиар эхлүүлэх сайхан санагддаг. Намайг медаль анх хүртэхэд нэг хүн “Хүү минь хүрэл медаль хүртсэн тамирчин хол явдаг юм даа” гэж билээ.
-Монголын тамирчдаас хойд хөршийнхөн эмээдэг болсныг сонсож байлаа. Та Москвад болсон ДАШТ-ий эрх олгох тэмцээнд Борис Колцев аваргыг багагүй сандаргасан гэдэг.
-Азиас Япон, Филиппин, БНХАУ үзэгч ихтэй, дэмжих байгууллага олон тул эх орондоо томоохон тэмцээн зохион байгуулж, түрүүлсэн тамирчнаа ДАШТ-д шууд оролцуулах эрхтэй. ОХУ Евразийн бүсэд тэмцээн зохион байгуулах эрх авч, тамирчдаа ДАШТ-д сойдог юм. Монголын дарстчид Москвад 2015 онд болсон Евразийн сонгон шалгаруулалтын тэмцээнд оролцож байлаа. Би шигшээ наймд Борис Колцев аваргатай таарч ялагдсан юм. Хэрвээ түүнийг ялсан бол ДАШТ-ий эрхтэй эх орондоо ирэх байв. Дараа жил нь би шигшээ 16-д, ОУХМ Х.Одхүү финалд шалгарч, мөн л түүнтэй аваргын төлөө тоглож хожигдов. Тэр тэмцээний дараа ОХУ манайханд түрүү байраа алдахаас эмээсэн үү, Мэргэжлийн дартсын корпорац руу захидал илгээж, Евразийн бүсийн тэмцээнд хойшид оролцуулахгүй байхаар шийдвэрлүүлсэн юм. Бид одоо Зүүн Азийн бүсэд зохион байгуулсан тив, ДАШТ-ий эрх олгох тэмцээнд оролцдог болсон. Энэ ташрамд, манай улсад зохион байгуулах Азийн цувралын сүүлчийнх болох 14, 15, 16 тэмцээнд оролцох нутаг нэгт тамирчдадаа амжилт хүсье. Сүүлчийн тэмээний ачаа хүнд гэдэг. Хүн бүхэн хичээж оролцоод эрх авахын төлөө тэмүүлээрэй. Тивийн шилдгүүд ирэх ч эн тэнцүү тоглох ур чадвар манайханд бий. Та бүхнийг аварга болоход эх орны тань дэвжээ ивээх болтугай гэж ерөөе.