Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ж.Болдбаатар, шүүгч Б.Батсайхан, А.Мөнхсайхан нар “Хөгжлийн банк”-ны гэх хэрэгт холбогдсон 80 хүн, дөрвөн хуулийн этгээдийн гэм буруутай, эсэхийг шийдвэрлэхээр хэлэлцэж эхэллээ. Уг нь хурлыг энэ сарын 17-ны 08.30 цагт эхлэхээр товлосон боловч НПГ-ын зургаан прокурор, шүүгдэгч 79, иргэний хариуцагч зургаа, шүүгдэгчийн өмгөөлөгч 72, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нэг, хохирогч найм, гэрч 18, шинжээч хоёр гээд нийт 192 оролцогч 09.40 цагт “Улаанбаатар” чуулгын танхимд ирсэн байв. Шүүгдэгч, Хөгжлийн банкны Хуулийн хэлтсийн даргаар ажиллаж байсан Б.Будхүү тухайн цаг мөчид хуралд ирээгүй бөгөөд түүний өмгөөлөгч Б.Мянган “Ирж яваад осолд орж, эмнэлгийн тусламж авч байгаа. “Эмнэлгээсээ хуралдаа шууд ирнэ” гэж мэдэгдсэн” хэмээн тайлбарласан юм. Мөн “Нью яармаг хаусинг прожект” ХХК-ийн захирал Ц.Ууганбаярын өмгөөлөгч, УИХ-ын гишүүн асан О.Баасанхүү замд явж буйгаа шүүгчийн туслахуудад мэдэгдсэн аж. Зарим өмгөөлөгч “шинжээч, гэрчүүдийг заавал оролцуулах ёстой” гээд шүүх хурлыг хойшлуулах санал гаргасан.
Гэрч, шинжээчдийн хавтаст хэрэгт өгсөн мэдүүлэг тайлбарыг нь уншиж сонсгох байдлаар хурлаа үргэлжлүүлэхийн улсын яллагч нар хэлж байв. Харин прокурорууд ирээгүй оролцогчдыг хүлээзнэж байгаад хурлаа эхлүүлэх санал гаргасныг шүүх бүрэлдэхүүн хүлээн авч, шүүгдэгч Б.Будхуу болон “Ган хүдэр орд” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгчийг албадан ирүүлэхээр болж тухайн өдрийн 13.30 цаг хүртэл завсарласан юм. Товлосон цаг болоход шүүгдэгч, УИХ-ын гишүүн Х.Ганхуяг болон түүний хамаарал бүхий “Вертекс майнинг партнер” ХХК-ийн өмгөөлөгч Д.Түвшинтамир шүүх бүрэлдэхүүнээс татгалзах санал гаргасан. Шүүгч нар шүүхийнхээ үндсэн байранд очиж нийт шүүгчийн зөвлөгөөнөөр уг татгалзлыг хэлэлцээд хүлээн аваагүй юм. Гэтэл Д.Түвшинтамир хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гарах хүсэлт өгөв. Үүнийг нь шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөөд хүлээн авсангүй, хуралдаанаа үргэлжлүүллээ. Улмаар шүүх хурлаар хэлэлцэх асуудлын дарааллыг тогтоох, улсын яллагч нар 1010 хуудас яллах дүгнэлтийг бүгдийг нь уншиж сонсгох, эсэх зэрэг саналыг хэлэлцсээр өчигдрийн хуралдаан завсарлаж, өнөөдөр 08.30 цагаас үргэлжлэхээр болов.
Бэлтгэсэн: Г.Орчлон