Д.Сүхбаатарын талбай өнгөрөгч бямба гарагт хүүхдийн шуугиан, дугуй сонирхогчдын хөлд дарагдаж өнжлөө. “Унадаг дугуйтай Улаанбаатар” хаврын анхны өдөрлөг болсон нь энэ. Гол зорилго нь дугуйн хэрэглээг нэмэгдүүлснээр нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах аж.
Энэ үеэр экстрим дугуйн тамирчдын үзүүлэх тоглолт, нас насны ангиллын уралдаанууд зохион байгуулав. Мөн дугуйн хөгжлийн түүхийн үзэсгэлэн, худалдаа, үйлчилгээ эрхлэгчид болон клубүүдийн танилцуулга, дугуй сонирхогчдын чөлөөт худалдаа, солилцоо зэрэг үйл ажиллагаа боллоо.
Түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга, сайд Ж.Сүхбаатар өдөрлөгийн үеэр нийслэлийн төвийн 23 байршилд энэ онд шинээр дугуйн 55 км зам барих талаар мэдээлэв. Түүнчлэн найман байршилд дугуйн 2.9 км гүүрэн зам тавихаар болсныг онцоллоо. Нийслэлчүүдийн 1.2 хувь нь л унадаг дугуйгаар зорчдог гэж тэрбээр мөн хэлсэн. Тиймээс дугуйн хэрэглээг нэмэгдүүлж, дэд бүтцийг сайжруулах олон ажил төлөвлөсөн бөгөөд ингэснээр замын түгжрэл тодорхой бүсэд 9-13 хувиар буурах гэнэ.
Бэлтгэсэн: Ж.Сарнай