Казахстаны Астана хотод энэ сарын 9-14-нд зохион байгуулж буй, чөлөөт бөх, сонгомол барилдааны насанд хүрэгчдийн Азийн АШТ-ээс Монголын эмэгтэй тамирчдаас дөрөв нь медаль хүртлээ. Тус тэмцээний эхний өдөр Ч.Отгонтуяа мөнгөн медаль хүртсэнийг бид өмнөх дугаартаа мэдээлсэн. Тэгвэл хоёр дахь өдрийн барилдаанд 53 кг-ын жинд өрсөлдсөн, олимп, ДАШТ-ий хүрэл медальт, Гавьяат тамирчин Б.Болортуяа Тайванийн Мэн Шуан Сигийг 10:0-ээр ялж, хүрэл медаль зүүв. 62 кг-ын жинд Гавьяат тамирчин П.Орхон аваргын төлөө Токиогийн олимпын мөнгөн медальт, дэлхийн хошой аварга, Киргизийн бөх Айсулу Тинибековатай хүч сорьсон ч 5:9-өөр хожигдсоноор мөнгөн медаль хүртлээ. 72 кг-ын жинд зодоглосон, “Алдар” спорт хорооны тамирчин Э.Даваанасан хүрэл медалийн төлөөх барилдаанд Тайванийн Пэн Цен Хуныг 11:0- ээр илүүрхэж, шагналын тавцанд зогссон юм. Энэ удаагийн тивийн аваргад Японы шигшээгийнхэн таван алт, тус бүр хоёр мөнгө, хүрэл медаль хүртсэн амжилтаар тэргүүлж, БНХАУ-ын багийнхан II (хоёр алт, нэг мөнгө, гурван хүрэл), Энэтхэгийн бөхчүүд (хоёр мөнгө, таван хүрэл) III байрт жагслаа.