Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал өнөөдөр болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар удирдан явуулав. Хурлын эхэнд Багануур, Багахангай, Налайх дүүрэгт мал аж ахуй эрхлэхийг хориглох бүс тогтоон, хил хязгаарыг хэлэлцэн шийдвэрлүүлэх тухай асуудлыг Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Х.Эрдэнэбилэг танилцуулав.
Нийслэлийн хүн амын эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин дэгдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор НИТХ-ын 2019 оны тогтоолоор Мал аж ахуй эрхлэхийг зөвшөөрөх буюу хориглох бүсийн хил хязгаарыг шинэчлэн баталсан. Уг тогтоолд Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар, Хан-Уул, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрийг хамруулсан байдаг. Харин Багануур, Багахангай, Налайх дүүрэг хамаардаггүй.
Сүүлийн жилүүдэд тохижилт, ногоон байгууламжийн бүтээн байгуулалт нэмэгдэж байгаа ч суурьшлын бүсэд мал малладаг иргэд малаа хариулгагүй явуулснаас ногоон байгууламж гэх мэт хөрөнгө оруулалтаар хийсэн ажлуудыг эвдэн сүйтгэх зөрчил гарах болжээ. Мөн мал, амьтны гоц халдварт өвчин гарах эрсдэлийг бий болгож байгаа юм. Иймд дээрх дүүргүүдийн Засаг дарга, Тамгын газраас мал аж ахуй эрхлэхийг хориглох бүс тогтоон, хил хязгаарыг батлах хүсэлт ирүүлсэн тул ийн Засаг даргын Зөвлөлийн хурлаар хэлэлцлээ.
Нийслэлийн Бодлогын судалгаа, шинжилгээний төвийн гүйцэтгэх захирал Р.Дагва дээрх дүүргүүдэд малтай иргэд хэр олон байдгийг тодруулсан юм. Налайхын хориглолт тогтоохоор төлөвлөж байгаа бүсэд 104 өрх 2500 толгой малтай. Багахангай дүүргийн хувьд хоёр хороотой. Мал малладаг 102 өрх байдаг. Жилийн эцсээр 26 мянга гаруй мал тоологджээ. Мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээ дүүргийн төвөөр тогтоохоор төлөвлөсөн байна.
Зөвлөлийн гишүүд дээрх асуудлыг тус хурлаар шийдэх шаардлагатай эсэхийг тодруулж, дүүргийн удирдлагууд зарим асуудлыг эрх мэдлийнхээ хүрээнд шийдвэрлэх хэрэгтэй гэдгийг хэлж байв. Зөвлөлийн хурлаас тэмдэглэл гарч, дээрх асуудалд зөвлөлийн гишүүдийн саналыг тусган НИТХ-д өргөн барихаар боллоо.