Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар "Шувуу" ажиллагааны хүрээнд мэдээлэл өглөө. Тэрбээр "АТГ байгуулаад 17 жил боллоо. Гаднаас гэмт хэрэгтэн шилжүүлэн авсан тохиолдол байхгүй. Саяхан иргэн Т.Бадамжунайг Филипинээс баривчилж Монголд авчирлаа. Өдгөө цагдан хорьж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Мөн иргэн Төгсбаяр Унгар улсаас АТГ руу утасдаж, нутагтаа ирж шалгуулна гэдгээ хэлээд ирсэн. Энэ хүн Эрүүгийн хуулийн 22-т заасан хэрэгт холбогдсон. Дээр нь БНСУ-аас иргэн Болортуяа ч үүнтэй ижил агуулгаар АТГ-т ярьж, бас эх орондоо ирлээ. Ойрд Солонгос улсад ажиллагаа явуулна. Хэд хэдэн иргэнийг албадан авчрахаар ажиллагаа хийж эхэлсэн. Тодорхой нэр, нарийн мэдээлэл өгөх боломжгүй.
Бид цаашдаа "Шувуу" ажиллагааг тасралтгүй үргэлжлүүлнэ. Улмаар эл ажиллагааны хүрээнд гэмт хэргийн мэдээллийг 10 мянган ам.доллароор худалдаж авна. Гол нь засгийн газрын 11-11 дугаар луу залгаж, мэдээлэл нь батлагдсан тохиолдолд мөнгөн урамшууллыг өгнө. Зөвхөн авлига албан тушаалын хэргээс гадна Монголд хүн амины болон залилангийн хэрэгтнийг ч гадаадаас авчирч, шударга шүүхээр шүүлгэнэ. Нөгөө талдаа гаднын хөрөнгө оруулагчдыг залилсан этгээдүүдийг ч ЭЦА шалгаж, тусгай дугаараар мэдээлэл аваад ажиллаж байна" гэлээ.