ХЭҮК-т ажлын байрны дарамттай холбогдуулан 2021 онд 126, 2022 онд 98 өргөдөл, гомдол ирснийг Комисс хүлээн авч бүрэн эрхийн хүрээнд шалгаж, шийдвэрлэсэн. 2023 оны эхний улирлын байдлаар 26 өргөдөл гомдол хүлээн авч шалгах ажиллагаа явуулж байна. Тодруулбал, Хэнтий аймгийн Баян-Адарга сумын иргэнээс ажлын байрны бэлгийн дарамт үзүүлсэн гэх гомдлын дагуу Комиссын гишүүн Х.Мөнхзулаар ахлуулсан ажлын хэсэг энэ сарын 10, 11-ний өдрүүдэд тус суманд ажиллалаа.
Ажлын хэсгийн гишүүд тус сумын Эрүүл мэндийн төвийн эмч, эмнэлгийн ажилтнуудын Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, Монгол Улсын Үндсэн хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль болон бусад холбогдох хуулиар баталгаажуулсан хөдөлмөрлөх эрх, хөдөлмөрийн харилцаан дахь ялгаварлан гадуурхалт, ажлын байран дахь бэлгийн дарамтаас ангид байх эрхийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийлээ.
Шалгалтын үеэр Эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаа, нөхцөл байдал болон төвд мөрдөж буй Хөдөлмөрийн дотоод журам, нийгмийн баталгааг хангах хөтөлбөр, тушаал шийдвэр, хөдөлмөрийн гэрээ зэрэг бичиг баримттай танилцав. Түүнчлэн эмч, эмнэлгийн ажилтнуудаас санал асуулга авч, ганцаарчлан ярилцаж, хүний эрхийн асуудлаар зөвлөгөө өгч, мэдээлэл солилцсон.
Ташрамд дурдахад, тус сумын иргэдээс шилжилт хөдөлгөөн, хүүхдийн асран хамгаалагч тогтоолгох, сумын хамтарсан багт мониторинг хийх, цагдаагийн алба хаагч эрүү шүүлт тулгасан зэрэг гомдлыг Комисс хүлээн авч бүрэн эрхийн хүрээнд шийдвэрлэсэн.