Соёлын яам, нийслэлийн ЗДТГ, Соёл урлагийн газар хамтран “Улаанбаатар хаврын баяр 2023” өдөрлөгийг Сүхбаатарын талбайд өчигдөр эхлүүллээ. Өнөөдрийг дуустал үргэлжлэх уг өдөрлөгт нийслэлд үйл ажиллагаа явуулж буй мэргэжлийн соёл урлагийн сургуулиуд, сургалтын төвийнхөн оролцож байна. Мэргэжлийн урлагийн сургуулиуд анх удаа нэгдэж, үйл ажиллагаагаа олон нийтэд танилцуулж, уран бүтээлийн дээжээсээ хүргэж буй аж. Энэ нь хүүхэд, залуусын соёл урлагийн боловсрол, мэдлэгт хувь нэмрээ оруулах, үзвэр үйлчилгээгээ хүргэх зорилготой өдөрлөг аж. Үүний хүрээнд СУИС, Консерватор, КУДС, БХИС, “Сити” зэрэг өдөрлөгт оролцогч 20 гаруй сургуулийнхан төв талбайд асар засаж, үйл ажиллагаагаа танилцуулж буй юм. Зохион байгуулагчид энэ үйл ажиллагааг жил бүр өргөжүүлж, уламжлал болгохоо мэдэгдсэн. Тэд нийслэлийн Боловсролын газартай хамтарснаар төвийн зургаан дүүргийн ахлах ангийн сурагчид өдөрлөгт оролцож, урлагийн сургуулийнхны тоглолтыг үзэж сонирхсон байна.