Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд авто зам, замын байгууламжийг барьж байгуулахад нэн шаардлагатай 187 тэрбум төгрөгийн санхүүжилтийг Засгийн газрын бонд болон бусад эх үүсвэрээр шийдвэрлэх боломжийг судалж, танилцуулахыг Сангийн сайд Б.Жавхланд даалгалаа. Түгжрэлийг бууруулахад нөлөө үзүүлэх 11 байршилд 16.45 км гол болон туслах гудамж, зам, 963.7 у/м гүүрийн барилгын ажлыг төлөвлөсөн. Мөн дөрвөн байршилд нийт 4.36 км авто зам, замын байгууламжийн ажлыг барьж дуусган, 454 нэгж талбарын газрыг чөлөөлсөн байна. Он дамжин хэрэгжүүлж буй үлдсэн долоон байршилд барих 963.7 у/м гүүрийн барилгын ажлыг дуусгах шаардлагатай. Эдгээрт 187 тэрбум төгрөг зарцуулах гэнэ.
Түүнчлэн “Сэлбэ сэргэлт” төслийг хэрэгжүүлэх зохион байгуулалтын нэгжийг “Барилгын хөгжлийн төв” ТӨААТҮГ-ын бүтцэд оруулж байгуулахыг холбогдох хүмүүст даалгалаа. Энэ төслийг хэрэгжүүлснээр Сэлбэ гол дагуух тусгай замын нийтийн тээврийн трасс буюу Сонсголонгийн замаас “Дамбадаржаа” цэцэрлэгт хүрээлэн хүртэлх голын сав газрын далан, түшиц ханыг барьж, урсцыг нь нэмэгдүүлэх юм. “Сэлбэ сэргэлт” нь судалгааны шатандаа байгаа бөгөөд долдугаар сард эхлүүлэхээр төлөвлөсөн гэнэ. Урьдчилсан тооцооллоор Сэлбэ, Дунд гол дагуу шинээр 21.6 км авто зам, түүнийг дагасан 18 туслах гүүр, дөрвөн гүүрэн байгууламж, есөн нүхэн гарц, явган болон унадаг дугуйн 43.2 км зам, нийтийн тээврийн 64 зогсоол бүхий тусгай замын нийтийн тээврийн чиглэл бий болгох аж.
Бэлтгэсэн: Б.Уран