Казахстаны Астана хотод үргэлжилж буй чөлөөт бөхийн Азийн АШТ-д Монголын бөхчүүд зодоглож байна. Эхний өдрийн 50, 55, 59, 68, 76 кг-ын жингийн барилдаанд манай эмэгтэйчүүдийн олонх нь дэвжээнд хүндхэн учраануудтай таарч ялагдсан юм. Тэднээс 55 кг-ын жинд тус тэмцээнд анх удаа хүч сорьсон “Алдар” спорт хорооны тамирчин, энэ жилийн улсын аварга Ч.Отгонтуяа шигшээ барилдаанд Вьетнамын Ти Ми Тран Нгеунтэй хүч сорих байсан ч өрсөлдөгч нь дэвжээнд гараагүй тул ялалт авав. Тэгвэл хагас шигшээд 23 хүртэлх насныхны ДАШТ-ий хошой хүрэл медальт эзэн орны Марина Седневаг 10:0-ээр буулган авч, аваргын төлөө барилдахаар шалгарсан юм. Түүний өрсөлдөгч нь Токиогийн олимпын мөнгө, “Будапешт-2018”, “Нур-Султан-2019” ДАШТ-ий хүрэл медальт БНХАУ-ын Пан Чянь Юй байв. Тэрбээр өрсөлдөгчдөө 2:6-гаар хожигдсонч, багийнхаа тамирчдаас медалийн салхи хагалсан юм. Хоёрдахь өдрийн барилдаанд 53 кг-ын жинд олимп, ДАШТ-ий хүрэл медальт, Гавьяат тамирчин Б.Болортуяа шөвгийн наймд 2016 оны Азийн АШТ-ий хүрэл медальт БНСУ-ын бөх О Хьюн Ёныг 10:0-ээр хожиж, хагас шигшээд шалгарлаа. Түүний дараагийн учраа Японы Акари Фүжинами.
Тэгвэл 72 кг-ын жинд “Улаанбаатар-2022” Азийн АШТ-ий хүрэл медальт Э.Даваанасан өмнөд хөршийн Жян Чянийг 9:6-гаар ялж, хагас шигшээд ДАШТ-ий мөнгөн медальт Казахстаны тамирчин Жамила Бакбергеноватай барилдана.
62 кг-ын жинд Гавьяат тамирчин П.Орхоналтан медалийн төлөө Токиогийн олимпын мөнгөн медальт, дэлхийн хошой аварга Киргизстаны бөх Айсулу Тинибековатай хүч үзэхээр боллоо.