Монгол Улсын хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй 11 835 хүүхэд байна. Тэдний 1498 нь сургуулийн өмнөх боловсролд, 5673 нь Ерөнхий боловсролын сургуульд суралцаж байна. Мэргэжлийн болон дээд боловсролын байгууллагад хөгжлийн бэрхшээлтэй 1057 иргэн суралцаж байгаа юм. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд 9 тусгай сургууль цэцэрлэг, 1095 ердийн сургууль цэцэрлэг, насан туршийн боловсролын төв болон явуулын багш нар боловсролын үйлчилгээ хүргэдэг. Явуулын багшийн үйлчилгээнд 307 суралцагч хамрагдаж байна.
СӨБ болон ЕБС-д суралцаж байгаа нийт хөгжлийн бэрхшээлтэй суралцагчдын 68 хувь нь тохируулгат орчин нөхцөл бүрдээгүй ердийн сургуульд суралцаж байна. ЕБС-д суралцаж байгаа хөгжлийн бэрхшээлтэжй суралцагчид сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүнийг үнэ төлбөргүй ашигладаг. Сонгсголын бэрхшээлтэй суралцагчийн сургалтын төлөвлөгөөг шинэчлэн баталж, дохионы хэлний хичээлийн цагийг нэмэгдүүлээд байна.
2015 онд МУБИС-д “Тусгай хэрэгцээт боловсролын тэнхим” байгуулагдаж өнөөдрийг хүртэл 66 мэргэжлийн багш төгсгөжээ. 2022-2023 оны хичээлийн жилд 51 оюутан суралцаж байна. Багш бэлтгэх сургуулийн нийт оюутнууд “Тусгай хэрэгцээт боловсролын үндэс” хичээлийг сонгон судалдаг. АШУҮИС-ийн Сувилахуйн сургуульд хөдөлмөр засалч, хөдөлгөөн засалч мэргэжлээр 76 оюутан суралцаж байна.
Цаашид хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг боловсролд тэгш хамруулах чиглэлд онцгой анхаарч байна. Өргөн мэдүүлсэн хуулийн төсөлд 15 зүйл 29 заалт тусгаад байгаа юм. Мэргэжлийн байгууллагуудын оролцоотой эрт илрүүлгийг сайжруулах, салбар дундын нэгдсэн мэдээллийн сан үүсгэх, боловсролын түвшин бүрд тэгш хамран сургалтыг дэмжих нэгж байгуулах зэрэг ажлууд үе шаттайгаар хийгдэж байна.
Мөн цогц үйлчилгээг хүргэх төр, хувийн хэвшлийн түншлэлийн арга замыг баталгаажуулах, санхүүжилтийн салбар дундын механизм бий болгох, өртөгт суурилсан зардлыг нэвтрүүлэх, хүний нөөцийг нэмэгдүүлэх, чадавхжуулахаар ажилладаг. Боловсролын байгууллага хөгжлийн бэрхшээлтэй суралцагчийг дараагийн шатанд дэвшин суралцах, хөдөлмөрийн зах зээлд гарах, амьдралд бэлтгэх, чиг баримжаа олгох үйлчилгээг нэвтрүүлэх, бүх шатны боловсролын байгууллагад үнэгүй суралцах боломжоор хангахаар зорьж байна.