Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын бүтээн байгуулалтын тендерийг анх шалгаруулахад оролцсон ЗТХЯ-ны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Замын ашиглалт, засварын хэлтсийн даргаасан Х.Оргил-Эрдэнэ болон “Альфа аcceт менежмент Монголиа” компанийн захирал З.Буяннэмэх, Д.Даваасүрэн нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх энэ сарын 11-нд хийлээ. Улмаар дээрх гурван яллагдагчийг шүүхэд шилжүүлж, гэм буруутай, эсэхийг нь хэлэлцэх хурлыг энэ сарын 24-нд хийхээр товлолоо. Х.Оргил-Эрдэнэ ЗТХЯ-ны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Замын ашиглалт, засварын хэлтсийн дарга байхдаа Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.11 км замын өргөтгөл, шинэчлэлтийн ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны даргаар томилогдсон аж.
Энэ үедээ Цайдмын хөндийгөөс Дарханы тойрог хүртэлх 30.53 км замыг барих гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Чайнагео инженеринг корпорац” ХХК-ийг шалгаруулсан. Үүнийхээ “шагналд” З.Буяннэмэхээс “Блюмон” оффис дахь “Даблью экс пи” ХХК-ийн албан өрөөнд Х.Оргил-Эрдэнэ 2019 оны тавдугаар сарын сүүлчээр гурван сая төгрөгийн хахууль авсныг АТГ-ын мөрдөгчид тогтоосон байдаг. Дараа нь “Лексус RX-350” загварын автомашиныг найз Б.С-ийнхөө нэр дээр хахууль болгож авсныг илрүүлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Чанаргүй зам тавьж, шүүхэд маргаантай байсан аж ахуйн нэгжийг З.Буяннэмэхийн оролцоотойгоор Х.Оргил-Эрдэнэ тэргүүтэй тендерийн үнэлгээний хорооныхон хахууль авч шалгаруулснаар Дарханы зам ашиглалтад орохгүй удсаныг уншигчид мартаагүй.
Уг хэргээс гадна Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өчигдөр яруу найрагч Ц.Хулан болон түүнтэй хамт яллагдагчаар татагдсан Б.Отгонбаатар нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг хийсэн юм. Тэднийг Эрүүгийн хуулийн 19.4-1 дэх хэсэгт заасан “Гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажилласан” гэх үндэслэлээр ТЕГ-ын Мөрдөн байцаах газарт шалгаж, хэргийг нь шүүхэд шилжүүлээд буй билээ. Нийт 12 хавтастай хэрэгт Ц.Хулангийн өмгөөлөгч Л.Өлзийхүү, Д.Оюунбаатар нар нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх, хэргийг прокурорт буцаалгах хүсэлт гаргасны дагуу урьдчилсан хэлэлцүүлэг хийгээд өмгөөлөгч нарын хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан юм. Улмаар яллагдагч нарыг шүүхэд шилжүүлж, уг хэргийг хэлэлцэх хурлыг энэ сарын 25-ны 10.30 цагт товлож, хуралдаан болтол тэдэнд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээхээр шийдвэрлэлээ.