Авто замын бүтээн байгуулалтын улирал эхэлж буйтай холбогдуулан “Зам, тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ-т ЗТХЯ-ны удирдлага өчигдөр ажиллаж, үүрэг даалгавар өгчээ. “Зам, тээврийн хөгжлийн төв” нь авто замын норм, норматив, зураг төслийн магадлал, эрдэм шинжилгээ, судалгаа инновац зэрэг авто замын салбарын асуудлыг хариуцах үүрэгтэй юм. Тус байгууллагад замын засварт орчин үеийн шинэ техник, технологи нэвтрүүлэх, норм, дүрэм, стандартыг шинэчлэн батлах, замын чанарт онцгойлон анхаарч, даац хэтрүүлж байгаатай тэмцэх, төсөвт өртгийг өсгөхгүйгээр чанартай замыг богино хугацаанд барих боломжийн талаар судлахыг даалгасан аж. Мөн авто замын даацыг нэмэгдүүлэх талаар судалгаа, шийдэл гарган танилцуулах, зам, тээврийн салбарын бүх үйлчилгээг цахимжуулах ажлыг эрчимжүүлж, хяналтыг сайжруулах, Авто замын сангийн орлогыг нэмэгдүүлэх боломжийг судлах, бүх шатанд нээлттэй, ил тод үйлчилгээг хүнд сурталгүй хүргэж, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх ёстойг анхааруулсан бөгөөд шийдэл, санаачилгыг дэмжихээ илэрхийлжээ. ЗТХЯ энэ онд авто замын чанар, арчлалтад онцгойлон анхаарах гэнэ.
Бэлтгэсэн: Б.Сонор